Улсын нөөцөөс хуваарилсан өвс, тэжээлийг сумдад хүргэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-02 16:15:33
 Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан шуурхай бүлэг Увс аймагт гурван хоногийн өмнө ажиллаад буцсан билээ. Энэ үеэр аймгийн Онцгой комиссоос таван саналыг шуурхай бүлэгт уламжилснаар Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төв болон Хяргас сумын ЗДТГ-ын автомашины асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн улсын нөөцөөс 1060 тонн өвсийг үнэгүй, 500 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ.
Давст, Сагил, Түргэн, Өлгий, Өмнөговь, Бөхмөрөн, Ховд сумдад тус бүр 20 тонн, Өндөрхангай, Малчин, Тэс, Завхан, Зүүнхангай, Зүүнговь сумдад 60 тонн, Улаангом, Наранбулаг, Тариалан сумдад 40 тонн, Хяргас, Баруунтуруун сумдад 80 тонн, аймгийн ХХААГ, Цагдаагийн газарт тус тус 10 тонн өвсийг хуваарилжээ. Харин Давст, Сагил, Түргэн, Бөхмөрөн сумдад 10 тонн, Улаангом, Тариалан сумдад 20 тонн, Өлгий, Өмнөговь сумдад 15 тонн, Завхан, Баруунтуруун, Зүүнговь сумдад 30 тонн, Цагаанхайрхан, Зүүнхангай, Хяргас, Өндөрхангай, Малчин сумдад 40 тонн тэжээлийг тус тус хуваарилсан байна. “Өвөлжилт хүндэрсэн болон зудтай байгаа сумдад өвс, тэжээлийг ахиу хуваарилан олгохоор болсон. Хамгийн гол нь малчны хотонд түргэн шуурхай хүргэх хэрэгтэй байна. Увс аймаг улсын хэмжээнд зудтай аймгийн тоонд орж байгаа. Одоогоор 5900 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Цаашдаа мал аж ахуйн салбартаа тал бүрээс анхаарал хандуулах хэрэгтэй байна” хэмээн аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Баттулга мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ