АСЕАН-ы орнууд Нэгдсэн нийгэмлэг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-22 13:22:19

КУАЛА-ЛУМПУР. /TASS/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн орнуудын тэргүүн нар Нэгдсэн нийгэмлэг байгуулах тухай тунхагт Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо гарын үсэг зурлаа.

АСЕАН-ы удирдагчид Азийн энэ эвслийг ирэх арван жилд хөгжүүлэх “замын зураг” болох “АСЕАН: Алсын хараа-2025” тунхаг болон "АСЕАН-ы нийгэмлэгийг байгуулах тухай Куала-Лумпурын тунхаг”-ийг баталжээ.

Бүс нутгийн нэгдсэн нийгэмлэгийг АСЕАН-ы дүрмийн дагуу энэ оны 12 дугаар сарын 31-нд багтаан байгуулах ёстой байна. Ийм нэгдэл байгуулж буйн гол үндэс нь улс төрийн тогтвортой байдлыг болон аюулгүй байдлыг хангах, хүчирхэг эдийн засгийг байгуулах, нийгэм-соёлын салбарыг хөгжүүлэх гэсэн гурван гол чиглэлд АСЕАН-ы дотоод нэгдэх үйл явцыг эрчимжүүлэх юм.

“Их” Нийгэмлэгийн нэг хэсэг нь мөн АСЕАН-ы Эдийн засгийн холбоо байх юм. Ийм нийгэмлэг байгуулснаар, бүс нутгийн орнуудад хэд хэдэн салбарт хөдөлмөрийн нэгдсэн зах зээлийг, мөн гаалийн болон үйлдвэрлэлийн нэгдмэл орон зайг бий болно.

АСЕАН нь Зүүн Өмнөд Азийн Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Таиланд, Филиппин гэсэн 10 орныг өөртөө нэгтгэдэг. Эдгээр оронд 625 гаруй сая хүн оршин суудаг бөгөөд АСЕАН-ы гишүүн орнуудад дэлхийн ДНБ-ий 3.4 хувь нь дэлхийн худалдааны 7 хувь орчим нь ногддог.

Д.Жаргал

Холбоотой мэдээ