Аймгийн МАН-ын хороо даргаа шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-02-02 09:56:06
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Монгол Ардын намаас XXXIII бага хурлаа "Итгэл, зүтгэл, хариуцлага" уриан дор зохион байгуулж, намын даргаа шинээр томиллоо.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн аймгийн МАН-ын хорооны даргаар 18 жил ажилласан бөгөөд улс төрийн 16 удаагийн сонгуулийн 12-т нь ялалт байгуулж, Монгол Улсын хэмжээнд Монгол Ардын нам ялагдаж үзээгүй ганцхан аймаг болсон юм. Тэрбээр хурлын  үеэр “Өнгөрсөн хугацааны амжилт, ололт бүхэн Та бүхнийх, миний хамт олных, алдаа дутагдал байвал минийх гэсэн зарчмыг баримтлан ажиллаж ирсэн” гэж байв. Мөн аймгийн Засаг дарга Г.Ганболдод Өвөрхангай аймгийн МАН-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, “Намын ажил бол ард түмний төлөөх, аймаг орон нутгийнхаа төлөөх асар их үүрэг хариуцлагатай, алдаа гаргах эрхгүй хүнд алба. Энэ албыг нэр төртэй хашиж ололт амжилтыг нь цааш үргэлжлүүлж, алдаа оноог нь засан сайжруулна гэдэгт миний бие та бүхэнд итгэж байна” гэлээ.
Мөн Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “21 аймаг, нийслэл, 9 дүүргийн намын хороодоос өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа, үр дүнгээрээ ямагт тэргүүлж ирсэн намын байгууллага юм” хэмээн онцолсон юм. Аймгийн МАН-ын хороо нь эгнээндээ 12 мянга гаруй гишүүдийг нэгтгэжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ