АН тооцоо судалгаагүй 9 төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-01 14:00:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас зохион байгуулсан тайван  жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Жагсагчдын  зарим нь  Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбай руу алхаж ирсэн бол нэлээд нь тусгай автобусаар ирэв. Эдгээр хүмүүсийг АН-ын гишүүн гэж зохион байгуулагчид тайлбарласан.  Мөн жагсагчид "Ажилгүйдэл", "Ядуурал", "Татварын дарамт", "Үнийн өсөлт" гэсэн уриа лоозон барьжээ. 
Нийслэлд болж буй тайван жагсаалыг нээж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр "Монголчуудаа бидний хүлцэнгүй номхон, тэвчээртэй байдлыг ашиглаж, эрх баригчид даварсаар байна гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Үнэхээр өнөөдөр өнгөрсөн жилийн улс орон, эдийн засгийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг харлуулж, гутаах замаар Ардчилсан нам, Ардчилсан хүчнийг гутаах үйлдэл тасрахгүй байна. Ингэж эрх баригч нам  эрх мэдлээ улам баталгаажуулахын төлөө улайрч байна. Ардчилсан хувьсгал хөгжсөн 28 жилийн дийлэнх хугацаанд өнөөгийн МАН-ынхан эрх барьсан. Тэд идэж, ууж, эрх дархаа бэхжүүлж, Монгол Улсын баялгийг гадныханд хямд үнээр зарж, борлуулсаар ирлээ. Өөрсдөө харин хагартлаа баяжсан. Одоо болно. Бид тэвчиж ханалаа. Монголчууд өөр өөрсдөдөө, эх орондоо эзэн болох цаг  ирсэн. Бид үүний төлөө ард түмэнтэйгээ жагсаж байна” гэв.
Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй тайван жагсаалд Нийслэлийн 9 дүүргийн иргэд идэвхтэй оролцож байна. Мөн хэв журам зохицуулах зорилгоор Цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байв. Жагсаалд оролцож буй иргэд “Ард түмний амьдрал улам дордсоор байхад сайд нар үнэтэй машин унаж, Засгийн газар нь татвараа нэмж байгаа нь буруу. Үнэхээр нийгмийн бухимдал их байгаа нь МАН-ын буруутай үйл ажиллагаанаас эхтэй” гэсэн байр суурь илэрхийлэв. Жагсагчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн АН-ын шаардлагын бодитой хариуг нэхэж, Төрийн ордныг нар зөв тойрон гороолов. 
Уг шаардлагад ОУВС-гаар халхавч хийн тооцоо судалгаагүй 9 төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлах, Агаарын бохирдлын асуудлаар дорвитой арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх, МАН хэт олонхдоо эрдэн өөрсдийн эрх ашгийг хамгаалж баталгаажуулахаар улайран Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг эвдсэн төсөл хэлэлцүүлж байгаа үйлдлүүдээ зогсоохыг шаарджээ.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ”МАН төрийн эрхийг авахдаа нэг ч татвар нэмэхгүй хэмээн мэдэгдэж гарч ирсэн. Гэтэл одоо 9 төрлийн татварыг нэмчихээд байна. Үүнийхээ нэг л татварыг буулгах нь. Аливаа шийдвэрийг МАН бодлого судалгаагүй гаргадаг. Хүүхдийн мөнгө олголтын хүрээг хумьчихаад  Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бүх хүүхдэд олгохоор шийдвэрлэж байх жишээтэй. Иймэрхүү үйлдэл нь доройтуулж байна. Бид татварыг бүрэн буулгах хүртэл жагсах болно” гэв. Жагсаалд оролцогчид өнөөдөр ганц цуглаад тарчих биш. Цаашид ч тэмцлээ үргэлжлүүлнэ.Улс орны чухал шийдвэр эрх баригч намын Удирдах зөвлөл дээр хэлцэгдэж, цөөн хэдэн хүний эрх ашигт нийцсэн шидйвэр гардагийг таслан зогсоохын төлөө эвлэлдэн нэгдэнэ гэдгээ жагсаалтын үеэр онцолж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд болон УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Батцогт нар жагсаалын үеэр үг хэлцгээв.
Жагсаалыг дэмжиж МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар тэргүүтэй гишүүд үгээ хэллээ. Ардчилсан хувьсгалын хараацай гэгдэх Э.Бат-Үүл сэтгүүлчдэд ярилцлага өгөв.
Тэрбээр, "Ардчилалд аюул учраад байна. Бид ардчиллаа тууштай хамгаална, харин ардчиллаар олж авсан эрх  чөлөө, хийж бүтээснээ буцааж нураамааргүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын эр, эмгүй цэрэгт татаж цэргийн бүтээн байгуулалт хийнэ гэж яриад байгааг ойлгохгүй байна. Бас У.Хүрэлсүхийн Засгийн газартай хамтарч ажиллах гээд байгаа юм уу ч гэж "хардаж байна". Баабар цахим бичвэрээр шүүмжлэх төдий сууна. Ц.Элбэгдорж чимээгүй болчихлоо. Бид ингэх гэж Ардчиллын төлөө зүтгээгүй" гэв.
Иргэд АН-ын бусад лидерүүд хаачив. Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, С.Баярцогт хаана байна гэлцэх нь ч дуулдав.
Туг, лоозон барьсан хэсэг болон "ачаа үүрсэн" хүмүүс Төрийн ордныг тойрон алхаж, чанга яригчаар эрх баригч МАН-ын үйл ажиллагааг шүүмжилсэн үг хэлж, уриа цуурайтуулан явцгаалаа. Жагсаал зохион байгуулагчид цуглаанд оролцогчдын тоог 5000 гаруй гэсэн боловч гадаах хүйтнээс шалтгаалсан уу тийм ч хангалттай ирцтэй байсангүй.

Ж.Батсайхан


 

Холбоотой мэдээ