Д.Трамп: Гуантанамогийн хорих ангийг хаахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-31 16:34:38
ВАШИНГТОН. /Синьхуа/. Кубын Гуантанамогийн булан дахь шоронг хаахгүй гэдгээ Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Конгрессын нэгдсэн хуралдаанд анх удаагаа үг хэлэх үеэрээ /мягмар гарагт/ мэдэгджээ.
 
Д.Трамп хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд манай улсын эрх баригчид Гуантанамогийн булангийн шоронгоос маш аюултай хэдэн зуун террористыг сулласан. Суллагдсан террористууд, тэдний дотор “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Аль Багдади дахин байлдааны талбарт гарч, бидний эсрэг, энгийн номхон иргэдийн эсрэг боссон. Тиймээс би энэ шоронг хаахгүй, аюултай террористуудыг суллахгүй гэдгээ өнөөдөр мэдэгдэж байна” гэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Шаардлагатай гэж үзвэл тэднийг устгана. Тэд бол зүгээр ч нэг гэмт хэрэгтнүүд биш. Тэд бол дайснууд” гэсэн байна.
 
АНУ терроризмын эсрэг дайны хүрээнд 2002 онд нээсэн тус хорих ангид одоо ердөө 41 хоригдол байгаа аж. Энэ шоронд хүмүүсийг эрүүдэн шүүж, тарчлаадаг гэж шүүмжлэгчид үздэг юм.
 
АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед тус шоронгоос хэдэн зуун хоригдлыг суллахыг нь суллаж, улс оронд нь шилжүүлэн өгөхийг нь шилжүүлэн өгсөн билээ. АНУ-ын ерөнхиийлөгчийн албан тушаалыг хаших үүрэгт хугацаагаа дуусахаас өмнө тус шоронг бүрмөсөн хаана гэж Б.Обама нэг бус удаа мэдэгдэж байсан боловч чадаагүй.
 
АНУ-ын нутаг дэвсгэрт террорист халдлага үйлдсэн этгээдүүдийг энэ шоронд хийхээр төлөвлөж буйгаа Д.Трамп өнгөрсөн онд мэдэгдэж байсан юм.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ