Суреш Бабу: Энэтхэг улс 5-10 жилд дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орон болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-26 14:45:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсад Бүгд Найрамдах улс тунхагласны 69 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойн хүрээнд өнөөдөр Монгол Улсад суугаа Энэтхэг Улсын ЭСЯ-наас тус улсын төрийн далбааг өргөх ёслолыг зохион байгууллаа. Энэ үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу, “Юуны өмнө Энэтхэг Улсад Бүгд Найрамдах улс тусгаар тогтносны 69 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 1950 нэгдүгээр сарын 26-ны энэ өдөр Энэтхэг Улс анхныхаа Үндсэн хуулийг баталж, энэхүү хуулиараа Бүгд Найрамдах улсаа тунхагласан юм. Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр гэдэг маань энэтхэгийн жирийн иргэн бүрийн хувьд чухал өдөр байдаг. Бүгд Найрамдах улсаа тунхаглах түүхэн үйлсэд Махатма Ганди тэргүүтэй удирдагчид өөрсдийгөө умартан тэмцсэн. Энэхүү тэмцлийн дүнд улс орноо колончлолоос гаргасан юм. Бүгд Найрамдах улсаа тунхагласнаас хойш бид 70-аад жил болж байна. Энэтхэг Улс тусгаар улс болсны эхний жилүүд амаргүй он жилүүд байсан. Шинэ Энэтхэгийг бий болгох тэрхүү он жилүүдэд дэлхийн олон орон, тэдгээрийн Засгийн газар туслалцаа үзүүлж байсныг энд дурдах нь зүйтэй юм.


Өнгөрсөн хугацаанд Энэтхэг Улс засаглалын шинэ институцийг бий болгоход ихээхэн чармайлт гаргаж ажилласан. Үүндээ ардчиллын замнал нь цорын ганц боломжит зам юм хэмээн тодорхойлсон билээ. Ялангуяа сүүлийн гурван жилийн хугацаанд Ерөнхий сайд Н.Модигийн удирдлаган дор хэд хэдэн чухал шийдвэрийг гаргаад байна. Тэдгээрийн зарим нь хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй шийдвэр байсан ч Энэтхэг Улсыг хөгжлийн шинэ шатанд гаргахад чиглэсэн шийдвэр болж чадсан юм. Тиймээс Энэтхэгийн ард түмэн ноён Н.Модигийн удирдсан Засгийн газарт бүрэн итгэл хүлээлгээд байна. Иймээс Энэтхэг ирэх 5-10 жилд дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орон болно гэдэгт бид итгэлтэй байгаа.

Одоогийн байдлаар манай улс эдийн засаг, боловсрол, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэлийн салбарт ихээхэн ахиц дэвшил гаргаад байна. Түүн дотроо хамгийн гол нь мэдлэгт суурилсан салбарууддаа ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Тухайлбал, мэдээллийн технологи, эм зүй болон сансар судлалын чиглэлд дэвшилтэй ажиллажээ. Төгсгөлд нь хэлэхэд, манай улсын өмнө шийдвэрлэвэл зохих бэрхшээл сорилтууд байсаар байна. Гэхдээ Энэтхэгийн Засгийн газар, ард иргэд шинэ сорилт, тулгарч байгаа асуудлуудыг хамтдаа шийдвэрлэсний үндсэн дээр ирээдүйд бий болох бодит хөгжлийн үр шимийг иргэн бүр хүртэнэ байх хэмээн бодож байна" гэв.

Тус ёслолын арга хэмжээнд манай улсад ажиллаж амьдарч буй энэтхэг иргэдийн төлөөлөл болон хүндэт зочид оролцов.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ




 
Холбоотой мэдээ