Д.Трамп палестинчуудад өгөх санхүүжилтээ дахин танана гэж сүрдүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-26 10:30:06
ДАВОС. /Ройтерс/. Израильтай энхийн хэлэлцээ хийхгүй бол палестинчуудад үзүүлэх санхүүгийн тусламжаа дахин танана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүллээ гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож, үг хэлэхээр Швейцарийн Давос хотноо өчигдөр очсоныхоо дараа  Д.Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзах үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Палестины дүрвэгчдэд тусламж дэмжлэг үзүүлдэг НҮБ-ын агентлагт өгдөг санхүүжилтээ АНУ өнгөрсөн долоо хоногт 50 гаруй хувиар танасан билээ.

Д.Трамп өнгөрсөн оны 12 дугаар сард Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр зарласан нь палестинчууд Израильтай яриа хэлэлцээний ширээнээс суухаас татгалзахад хүргэсэн юм.   

Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг. Израилийн Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг билээ. Иерусалимын асуудлаархи Израилийн байр суурийг олон улс ч дэмждэггүй юм.

Иерусалимын асуудалтай холбогдуулан Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас саяхан мэдэгдэл хийхдээ “Д.Трампын энэ шийдвэр нь АНУ хэзээ ч 'төвийг сахисан зуучлагч' байж чадахгүй болохыг нотлон харууллаа. Тиймээс бид Израильтай энхийн хэлэлцээний ширээнд суухаас татгалзаж байна. Иерусалимыг хэн ч юугаар ч худалдан авч чадахгүй. Палестинчууд хэзээ ч бууж өгөхгүй” гэжээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ