УИХ-ын гишүүд шатахуунтай холбоотой асуудлаар асуулга хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад хандан шатахууны нийлүүлэлт, хомсдолын шалтгаан, түүнтэй холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөөцтэй холбоотой асуудлаар энэ сарын 24-нд асуулга тавьжээ.
Уг асуулгад УИХ-ын гишүүд “2018 он гарснаас хойших 20 гаруй хоногийн хугацаанд шатахуун, түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдэж, нийлүүлэлтийн хомсдолтой байдлаас шалтгаалан ард, иргэдийн дунд бухимдал газар авч байна. Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан шатахууны үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэх хандлагатай байгаа нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Иймд шатахууны үнэ нэмсэн гэх шалтгаанаар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөхөөр байгааг тооцоолсон эсэх, хангалттай нөөц бүрдүүлсэн эсэх, цаашид энэ тал дээр ямар бодлого барьж ажиллахаар талаар тодруулж байна” гэжээ.
Б.Туул