Давосын чуулга уулзалт: А.Меркель Д.Трампыг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2018-01-25 11:25:17
ДАВОС. /Ройтерс/. Протекционизмын бодлого буюу гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлого баримталж, даяарчлалыг эсэргүүцэх нь зөв шийдэл биш гэж Германы Канцлер Ангела Меркель хэлжээ.

“Ройтерс” агкентлагийн мэдээлснээр, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт буюу Давосын чуулга уулзалтын хоёр дахь өдөр /өчигдөр/ А.Меркель ийн хэлсэн байна. А.Меркель энэ үгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт хандан хэлсэн гэж ажиглагчид үзэж байна.

Популизм, даяаршлын эсрэг туйлшрах хандлага олон улс оронд газар авч буйд ихээхэн сэтгэл түгшиж буйгаа А.Меркель мөн илэрхийлжээ.

Тэрбээр “Бусад улс орноос зайгаа барьж, аминчхан бодлого баримтлах нь улс орныг сайхан ирээдүй рүү хөтлөхгүй гэж Герман боддог” гэж хэлээд “АНУ өөртөө, аюулгүй байдалдаа анхаарлаа хандуулах болсон учир Европын улс орнууд АНУ-ын дэмжлэгт найдах хэрэггүй. Тиймээс Европын улс орнууд илүү хариуцлагатай байх хэрэгтэй” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ баасан гарагт Давосын индрээс “Америк нэгдүгээрт” бодлогоо, түүний дотор Америк худалдааны салбарт алдагдалтай ажиллаж байгааг онцлон ярихаас урьтан түүнийг А.Меркель ийн шүүмжилсэн байна.
Г.Доржханд

Холбоотой мэдээ