Давосын чуулга уулзалтын эхний өдөр хэн юу гэж хэлэв?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-24 14:47:46
ДАВОС. /World economic forum/. Жил тутам болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт буюу Давосын чуулга уулзалт нэгдүгээр сарын 23-ны өдөр буюу өчигдөр эхэлсэн юм. Швейцарийн Давост сүүлийн 47 жилийн түүхэнд байгаагүйгээр эрс хүйтэрч, их цас унаад буй энэ үед дэлхийн улс төр, эдийн засаг, урлаг соёл, шинжлэх ухаан ба нийгмийн салбарын нөлөө бүхий 3000 гаруй хүн тэнд хуралдаж байна.

Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх 48 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр буюу өчигдөр хэн юу гэж хэлснийг орчуулан хүргэж байна.


Н.Моди: Соёл иргэншилд аюул заналхийлж буй хамгийн том гурван асуудал



Уур амьсгалын өөрчлөлт, терроризм болон даяаршлын эсрэг үзэл нь соёл иргэншилд аюул заналхийлж буй хамгийн том гурван аюул болоод байна гэж Энэтхэгийн Ерөнхий  сайд Нарендра Моди Давосын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр хэлээд, эдгээр аюултай тэмцэхэд хувь нэмрээ оруулахыг улс орон бүрт уриалжээ.

Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засаг,  дэлхийн хамгийн том ардчилсан улсын удирдагч Н.Моди мөн “Энэтхэг улс баян, ядуугийн ялгааг арилгах, ажлын байрыг нэмэгдүүлэх олон төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Улс орнууд хэтэрхий чанга, олон хууль журам гарган боломжуудаа хязгаарлахын оронд олон улсын худалдаа ба хөрөнгө оруулалтын салбарынхныг “улаан хивс дэвсээд” угтаж авах хэрэгтэй” гэжээ.

Дээр дурдсан гурван том аюул заналхийллийн нэг болох уур амьсгалын өөрчлөлтийн тухай Н.Моди ярихдаа “Дэлхийн дулааралтай хамтдаа тэмцэнэ гэсэн амлалтаа улс орнууд биелүүлэхгүй, хойш суусаар байна. Улс бүр л хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах тухай ярьдаг. Гэвч цөөн хэд нь л ярьснаа ажил хэрэг болгож байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүргээ ухамрсарлан одооноос илүү их хүчин чармайлт гаргахыг би олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Хүн төрөлхтний өмнө тулгарч буй хоёр дахь том аюул заналхийлэл бол терроризм. Терризмыг үндсээр нь устгах хэрэгтэй байна” гэсэн байна.

Дэлхийн зарим хэсэгт, зарим улс орон даяаршлын зарчмуудыг эсэргүүцэж байна гэж Н.Моди хэлээд “Улс орнууд “би” гэдэг хандлагатай болсоор байна. Үүнийг би даяаршлын эсрэг хандлага гэж үзэж байна. Энэ хандлага газар авах нь уур амьсгалын өөрчлөлт, терроризмоос ч илүү хор хөнөөлтэй байж ч болзошгүй” гэж цохон тэмдэглэжээ.

Австралийн алдарт жүжигчин Кейт Бланшетт дүрвэгсдийн асуудлаар



Оскарын шагналыг хоёр удаа хүртээд буй Австралийн жүжигчин Кейт Бланшетт НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын “сайн санааны элч”-ийн хувиар Давосын чуулга уулзалтын эхний өдөр үг хэлэхдээ дүрвэгсдийн хямралыг шийдвэрлэхэд илүү анхаарлаа хандуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

К.Бланшетт ярихдаа “Дэлхийн тулгамдсан асуудлуудын нэг болох дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхэд олон талын оролцоот шийдэл хэрэгтэй юм байна гэдгийг би ажлын шугамаар дэлхийн олон улс оронд очихдоо ойлгосон. Асуудлын гол нь дэлхий дахин дүрвэгсдийн талаар маш буруу ойлголт, мэдээлэлтэй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээнүүдээр дүрвэгсдийн тухай маш буруу, ташаа мэдээлэл гарсаар байна” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Үнэн хэрэгтээ, дүрвэгсэдтэй холбоотой гол ачааг хөгжиж буй улс орнууд үүрч байна. Харин хөгжингүй орнуудын олонхи нь дүрвэгсдийг “хүнд ачаа” гэж үзэж, энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаас хойш сууж байна. Энэ дүрвэгсэд бол ямар ч гэм зэмгүй хүмүүс гэдгийг бид ямагт санаж явах хэрэгтэй. Тэдний олонхи нь орон гэр рүүгээ, эх орон руугаа харихыг хүсэж байгаа. Гэвч эх орон нь дайн дажин, ядуурал зэрэг олон асуудалд нэрвэгдээд байна. Сиричүүд л гэхэд иргэний дайны улмаас орон гэр, эх орноо орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн” гэсэн байна.

“Удирдагч эмэгтэйчүүдийн үг”



“Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” хэмээх энэ оны Давосын эдийн засгийн чуулга уулзалтын сэдвийн талаар уг чуулга уулзалтыг зохион байгуулагч эмэгтэйчүүд хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Чуулга уулзалтыг хамтран даргалагчид нь бүгд эмэгтэйчүүд гэдгээрээ энэ удаагийн Давосын чуулга уулзалт урьд урьдынхаасаа онцлогтой байна. Өөрөөр хэлбэл, чуулга уулзалтыг хамтран даргалагчид нь дан эмэгтэйчүүд буй анхны тохиолдол нь энэ аж.

Норвегийн Ерөнхий сайд, хатагтай Эрнэ Солберг авлига, хууль бус мөнгөний урсгалыг таслан зогсоох, хүйсийн эрх тэгш байдлыг хангахыг дэлхий нийтэд уриалаад, ингэхийн тулд хийх эхний алхам бол боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, охидод бүрэн боловсрол эзэмшүүлэх явдал юм гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Энэтхэгийн Манн Дэшийн санг үүсгэн байгуулагч Четна Синха санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн бүрт санхүүгийн боловсрол олгохыг дэлхий нийтэд уриалжээ. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан 100 сая рупигийн суурь хөрөнгө бүхий хөрөнгө оруулалтын сан байгуулж буйгаа тэрбээр өчигдөр нийтэд зарласан байна.

Америкийн технологийн компани болох “Ай-Би-Эм”-ийн /IBM/  тэргүүн Жинни Рометти технологийн ил тод байдлыг хангаж, ирээдүйд бий болох ажлын байруудад ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхийг уриалжээ.

ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагард хэлэхдээ “Эдийн засгийн хувьд бид яг огтолцлын цэг дээр ирээд байна. Дэлхийн нийтийн өмнө тулгарсан эдийн засгийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд улс орон бүр тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах хэрэгтэй. Бид аливаа асуудлыг эв эеэр шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн байна.

Тэгвэл Францын бизнес эрхлэгч, цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ENGIE” компанийн тэргүүн Изабель Кочер эдийн засгийн өсөлтийн үр шимийг нийгэмд, ард иргэддээ хүртээхийг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалжээ.

Европын цөмийн судалгааны байгууллага буюу “CERN”-ий ерөнхий захирал Фабиола Жьянотти хэлэхдээ “Аливаа юмыг сурч мэдэхийг хүн төрөлхтөн бүгд л эрмэлздэг. Шинжлэх ухааны мэдлэгтэй болоход та эрх мэдэлтэй байх, улс төрийн намын гишүүн байх шаардлагагүй” гэж хэлжээ.

Эцэст нь, Олон улсын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Шаран Берроу ярихдаа “Дэлхийн улс орнууд шинэ нийгмийг бий болгох асуудлыг дахин авч хэлэлцэж, дүрэм журмаа дахин боловсруулах хэрэгтэй. Бид өөрсдөө одоогийн талцсан нийгмийг бий болгоцгоосон. Одоо бид үүнээсээ сургамж авч, дахин шинэ нийгмийг бий болгох хэрэгтэй” гэжээ.

Болливудын супер од Шах Рух Хан



Болливудын супер од Шах Рух Хан Энэтхэгт охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр чамгүй ажил хийсэн учир энэ оны Давосын эдийн засгийн чуулга уулзалтад урилгаар оролцож байна. Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Давосын чуулга уулзалтыг зохион байгуулагчид түүнийг “Болор цом”-оор шагнажээ.
 
Шагнал авсныхаа дараа Шах Рух Хан хэлэхдээ “Би өөрийн байгуулсан “Meer Foundation” сангийнхаа хийсэн ажлыг үнэлүүлэн анх удаагаа шагнал авсандаа баяртай байна. Энэтхэгт хүчил ашигласан халдлагад өртсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөн сэтгэл санаа болоод гоо сайхнаараа хохирох явдал гарсаар байна. Манай сан ийм халдлагад өртсөн эмэгтэйчүүдэд туслах, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хийж байна” гэжээ.

Хүйс, эрх мэдэл ба бэлгийн дарамт



Эрх мэдлээ урвуулан ашиглах, бэлгийн дарамт үзүүлэхийг таслан зогсоож, нийгэмд өөрчлөлт хийхийг Давосын чуулга уулзалтын индрээс олон хүн дэлхий нийтэд уриалж байна.

Тухайлбал, “Майкрософт” корпорацийн дэд ерөнхийлөгч, хатагтай Пегги Жонсон ярихдаа “Дээд албан тушаал хашдаг болон хамтран зүтгэгч эрэгтэйчүүдийн бэлгийн дарамтаас гарах гэж эмэгтэйчүүд их цаг алдаж байна. Одоо дэлхий нийт урьд өмнөхөө бодвол бэлгийн дарамт хүчирхийллийн эсрэг зоригтойгоор дуугардаг болсон байна. Та ч бас зоригтой үйлдэл хийж чадна” гэжээ. Тэрбээр “Би одоогоор  удирдах албан тушаал хашиж байгаа учир бэлгийн дарамтад өртөхөөргүй байна” гэж хошигноод “Эмэгтэйчүүд эрх мэдэлтэй бол, мэдлэг боловсролоо дээшлүүлэх тусам аливаа дарамт шахалтад өртөх нь багасах болно” гэсэн байна.

Ядууралтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын буяны байгууллагуудын холбоо буюу “Оксфам”-ын тэргүүн, хатагтай Винни Бьянима ярихдаа “Нэгэн цагт арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаарч байсан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас та одоо арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй нэг ч хүнийг олж харахгүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ улс оронд ийм өөрчлөлт авчирсан зүйл бол эрх мэдэл” гэжээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо юу гэв?



48 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөн ярьжээ.

Аж үйлдвэржсэн улс орнуудын “Их-7” бүлгийг ээлж ёсоор энэ онд даргалж буй Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо хэлэхдээ “Энэ онд “Их-7”  бүх зүйл дээр хүйсийн тэнцвэрт байдал, эрх тэгш байдлыг хангахыг чухалчлах болно” гэж онцлон тэмдэглэсэн байна.

2015 онд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн тоо адил тэнцүү бүрэлдэхүүнтэй засгийн газрыг байгуулсан тэрбээр салбар бүрт, ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг улс орнуудад уриалжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ