Хуулийн хугацаа дуусахаас өмнө газраа өмчлөхийг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-21 17:48:30
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд 2018 онд  нийт 865 иргэнд 65 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс  газраа  эзэмшиж байгаа 223 айлын 16.5 га газар, шинээр 623 иргэний 46 га газрыг өмчлүүлэхээр албаныхан төлөвлөжээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацаа энэ оны тавдугаар сард дуусx байгаатай холбогдуулан хуулиар олгогдсон нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлж  оршин сууж байгаа сумынхаа  ЗДТГ-ын газрын даамалд хандан иргэнд газар өмчлүүлэх төлөвлөгөөнд тусгасан тодорхой байршил бүхий газрыг өмчлөх хүсэлтээ гаргах хэрэгтэй гэж аймгийн ГХБГБГ-аас уриалав.
Мөн аймгийн ГХБХБГ-аас улсын болон орон нутгийн зам дагуу иргэнд өмчлүүлж болох газрын байршлыг тогтоож энэ сарын 25-наас 26-нд болох аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулж батлуулахаар ажиллаж байгаа аж. Тус аймагт 2016 оны жилийн эцсийн тайлан мэдээгээр  нийт хүн амын 24,5 хувь нь газраа өмчилж авсан байдаг.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 оны зургадугаар сарын 27-нд батлагдаж 2003 оноос мөрдөгдөж эхэлжээ. Хуульд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацааг зааж өгсөн бөгөөд 2005 онд гурван жилээр, 2008, 2013 онд таван жилээр тус тус сунгаснаар 2018 оны тавдугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох юм.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ