Гашуунсухайт-Ганцмод боомт экспортын тээвэрлэлтийг хэвийн нэвтрүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-01-19 15:03:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрдэс баялгийн экспортын гол гарц болох Өмнөговь аймаг дахь Монгол Улс-БНХАУ-ын хилийн Гашуунсухайт-Ганцмодны боомтын замын хөдөлгөөнийг БНХАУ-ын жолооч нар хааж зогсоосны улмаас дөрвөн хоногийн турш тээвэрлэлт гацаад байсан. Харин Гадаад харилцааны яам БНХАУ-ын талтай хэлэлцээ хийсний дүнд өчигдрөөс экспортын тээвэрлэлт хэвийн үргэлжилж эхэлжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтын авто замыг тус улсын Чалко болон Винсвэй компанийн тээвэр хийдэг 400 гаруй машины эзэд хааж, шаардлага тавин, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоогоод байсан юм. Тус шаардлагад, Уртын урт тээврийг хуучнаар явуулах, Улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс БНХАУ-ын эзэнтэй компаниудад нэмж өгөх, Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх, Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд багтсан байжээ.

Монгол Улсын талаас шаардлага тавьж буй жолооч нарын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг танилцуулан шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгийг хэлж, тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг хүсээд байсан юм. Авто тээврийн үндэсний төвөөс өгсөн зөвшөөрлөөр Гашуунсухайт боомтын чиглэлд нийт 60 гаруй компанийн 5000 орчим тээврийн хэрэгсэл экспортын тээвэр хийж байгаа. Хууль, журамд заасны дагуу уг зөвшөөрлийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжид олгодог аж.

Хэдийгээр аж ахуйн нэгж хоорондын маргаан, үл ойлголцлоос үүдэн хүндрэл гарсан ч асуудлыг шийдвэрлэж, Ганцмодны боомтын замыг нээхийн тулд Гадаад харилцааны яам БНХАУ-ын талтай хэлэлцээ хийж, ярилцсаны дүнд боомтыг нээх шийдэлд хүрчээ. Одоогийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, экспортын тээвэрлэлт хэвийн явж байна. Асуудал нэг талд шийдэгдсэн ч Монгол, Хятадын боомт тойрсон асуудалд анхаарлаа хандуулж, цаашид гарч болзошгүй эрдслийг урьдчилан тооцож, сэргийлэн ажиллана гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ.



Боомтын үйл ажиллагаа хэвийн явж эхэлснээс хойш Гашуунсухайт хилийн боомтоор нүүрс  ачаатай  83 тээврийн хэрэгслээр 5395 тонн нүүрс тээвэрлэн гарч, ачаагүй хоосон 445 тээврийн хэрэгсэл  орж ирсэн байна.  Баяжмал ачаатай 20 тээврийн хэрэгслээр 560 тонныг тээвэрлэн гарч, ачаагүй хоосон 60 тээврийн хэрэгсэл орж иржээ. Тээврийн машинуудын дараалал байхгүй, цаг агаар хүйтэн салхитай байна гэсэн мэдээлэл Гашуунсухайт боомтоос ирүүлж байна. 

Дашрамд дурдахад, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийсэн айлчлалаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаанд тулгараад байсан зарим асуудлыг улс төрийн түвшинд шийдвэрлэсэн юм. Тиймээс Гашуунсухайт-Ганцмодны боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, хуучин хэмжээнд хүргэх ажил тун удахгүй хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байна. Хэрэв нэвтрэх чадварыг хэвийн хэмжээнд хүргэвэл өдөрт 1200-1500 машин тээврийн хэрэгсэл нэвтэрч, Монгол Улсын эрдэс баялгийн экспорт 2-3 дахин нэмэгдэх юм. 
 
Н.Гантуяа

Холбоотой мэдээ