“Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-01-18 19:33:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас санаачилсан “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж, энэ сарын 20-ноос нэгдүгээр сарын мөнгийг олгож эхлэх талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм. 

Хөтөлбөрт улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Одоогоор 100 орчим мянган ээж харьяа хорооны халамж хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлээд байна.

Эдгээр тэтгэмжийг авах эрх нь үүссэн Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргах юм. Хүсэлт гаргахдаа жирэмсэн ээжүүд өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтыг бүрдүүлж очно.
Харин 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүд өргөдөл, нэг хувь зураг,  иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт,  баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэх юм.
Ихэр хүүхдийн тэтгэмж авах иргэн өргөдөл, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний тухайд иргэний үнэмлэх эсхүл нотариатаар батлуулсан хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлэн харьяа сум, хорооны нийгмийн ажилтанд хандана.
Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авах бол өргөдөл, нэг хувь зураг, нөхөр /эхнэр/-ийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх   толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр зэргийг бүрдүүлэх шаардлагатай юм.
Хүсэлт гаргаж, шаардлагатай материалыг бүрдүүлсэн иргэнд сум, хорооны нийгмийн ажилтан ажлын тав хоногт багтаан тэтгэмж авах эсэх тухай хариу мэдэгдэх ёстой бөгөөд тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч хувийн хэрэг нээж, мэдээллийг Нийгмийн халамжийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
Түүнчлэн хүүхэд асарсны тэтгэмжийг асарч байгаа хүүхдийн тооноос үл хамааран Засгийн газраас тогтоосон хэмжээгээр эхэд 36 хүртэлх сарын хугацаанд олгох бөгөөд хүүхэд асарсны тэтгэмж авч байх хугацаандаа эх нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрх үүсвэл түүнд уг тэтгэмжийг олгохоор журамд заасан.

Н.Туяа

Холбоотой мэдээ