Йеменд дайн эхэлснээс хойш 5000 гаруй хүүхэд амь үрэгдэж, шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-18 11:36:01
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Йеменд болж буй дайн байлдааны хөлд 5000 гаруй хүүхэд өртөн амиа алдаж, шархадсан гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдээд, дайн байлдааныг зогсоох арга хэмжээ авч, хүүхдүүдийг хамгаалахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, 2015 оны гуравдугаар сард Йеменд засгийн газрын хүчнийхэн болон лалын шашны шийт урсгалыг шүтэгч босогчдын “Хусит” бүлэглэлийнхэн дайтаж эхэлснээс хойш амь үрэгдсэн, шархдан зовж зүдэрч буй хүүхдүүдийн талаарх тайланг ЮНИСЕФ энэ долоо хоногийн мягмар гарагт гаргасан байна.

Уг тайланд дурдсанаар,  тус улсын “бараг бүх хүүхдэд” буюу 11 сая гаруй хүүхдэд тусламж хэрэгтэй байгаа аж. Мөн 5 хүртэлх насны 400 мянга орчим хүүхдийн амь нас эрсдэлд ороод байна.

Йемений хүүхдүүдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл ахуй ариун цэврийн бүтээгдэхүүний тусламж үзүүлэхээс гадна хүүхдүүдийн боловсрол болон бусад асуудалд анхаарлаа хандуулах болно гэж ЮНИСЕФ-ийн албаны хүн тус улсын нийслэл Санаа хотод сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ хэлжээ.

Йемений засгийн газрын хүчнийхэнд Саудын Арави тэргүүтэй эвслийн хүчнийхэн дэмжлэг үзүүлсээр байгаа юм. Тэд 2015 оны гуравдугаар сараас хойш “Хусит”-ынхны эсрэг агаараас цохилт өгөх ажиллагаа явуулсаар байгаа билээ. Харин босогчдын бүлэглэлд Иран улс дэмжлэг  үзүүлж байна гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ