Барилга дээрээс унасан төмөр азаар хүний аминд хүрсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-20 10:23:44

Улаанбаатар хотын төв зам дээр явж байсан машины дээрээс хурц үзүүр бүхий төмөр унасан ч азаар хүний аминд хүрсэнгүй. Сүхбаатар дүүрэг дэх  Чингисийн өргөн чөлөөний  Төв номын сангийн орчимд "Мастер инженеринг" компанийн барилга дээрээс өчигдөр үдийн алдад төмөр унасан байна.

Замын хөдөлгөөнд оролцож явсан " Тоёота "chaser" маркийн автомашины хамрыг цоолж уг төмөр тогтжээ. Уг  машинд явсан жолооч, 10 орчим насны охин азаар бэртэж гэмтээгүй байна. Онцгой байдлын газрын байцаагч дуудлагын дагуу ослын газарт ирж, барилгын талбай руу нэвтэрч, үзлэг хийх гэсэн боловч хамгаалалтынхан нэвтрүүлээгүй гэнэ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлэв. Сүүлийн үед барилга дээрээс юм унах явдал тасрахгүй байгаа. 2014 онд Төв шуудангийн өмнөх замаар зорчиж явсан нийтийн тээвэр дээр төмөр унаж байв. Автобусны зорчигчид хөнгөн гэмтэж байсан. Мөн "Тэнгис" кино театрын баруун талын "Макс"-ын барилга дээрээс төмөр унаж машинтайгаа явсан жолооч амь насаа алдаж байв.  Саяхан энэ сарын 17-ны өдөр Төв цэнгэлдэх орчим баригдаж буй  барилга дээрх кранд гэмтэл гарч, 50 гаруй настай хүн нас барсан  осол ч гарчээ.  

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ