Сүм Хөх Бүрдийн унаган төрхийг сэргээх бүтээн байгуулалт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-19 19:32:34

Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дахь Сүм Хөх Бүрдийн эртний түүх, соёлын дурсгалт газрыг аялал жуулчлалын цогцолбор болгох бүтээн байгуулалт эхэлж байна. Бүтээн байгуулалтыг Улаанбаатар хотын “Санжат” ХХК гүйцэтгэхээр аймгийн ЗДТГ- тай гэрээ байгуулжээ.

Нуурын дундах жижигхэн арал дээр 16- 17 дугаар үед барьсан чулуун цайзын туурь байх бөгөөд туурийг зэгст нуур хүрээлдэг, зэгс халиурсан энэ нууранд ангир, нугас, хун саатдаг, нуурын урд эрэгт Үүдэн булгийн рашаан ундардаг. Энэ бол Сүм Хөх бүрдийн унаган төрх байсан юм.

Сүм Хөх Бүрдийн түүх, соёлын үнэ цэнийг илэрхийлэх цайзыг Төвдийн нэгэн ноёны хүү Монгол нутагт ирж бариулж эхэлсэн гэдэг яриа бий. Гэвч барилгын нурууг босгож амжилгүй баригдан эх орондоо буцаагдсан гэдэг. Ийнхүү оройгүй барилга үлдэж, хожим хэд хэдэн удаа дээвэрлэсэн боловч аянга бууж эвдсэн гэх бөгөөд урдуураа чулуун хэрэмтэй энэ цайзад говийн догшин ноён хутагт Д. Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ тоглуулж байсан гэдэг.

Түүх, соёлын хийгээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ нутгийг 1998 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Харин унаган дүр төрх, экологийн тэнцвэрт байдал нь жилээс жилд алдагдаж,  өдгөө Сүм Хөх бүрдийн нуурын ус ширгэн зэгс нь хагдарч, цайзын хана нурж жижгэрсэн нь Дундговь аймгийнхны тулгамдсан асуудлын нэг болж байсан юм.

Сүм Хөх бүрдийн экологийг сэргээх тухай 2010 оноос хойш ярьж байсан ч дорвитой эхэлсэн ажилгүй байсаар энэ оны Орон нутгийн хөгжлийн сангаас 700 гаруй сая төгрөг зарцуулан зураг төслийг бэлэн болгожээ.

Ирэх онд ч бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Зөвхөн нуурыг нөхөн сэргээх бус нуурын эргийг амралт зугаалга, аялал жуулчлалын бааз болгон тохижуулж, цахилгаан, инженерийн шугам сүлжээний дэд бүтэц байгуулах юм байна.

Энэ бүтээн байгуулалтад нийт 2.5 тэрбум төгрөг зарцуулах ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ