“Магнай трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-16 12:25:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахууны үнийн зөвлөлөөс албан ёсны шийдвэр гаргаагүй байхад үнэ нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан “Магнай трейд” компанийн шатахуун импортлох, борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас УУХҮЯ-нд хүргүүлэх болжээ.
Сүүлийн өдрүүдэд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс Засгийн газар онцгой албан татвар нэмсэн гэсэн шалтгаанаар зарим төрлийн бензиний үнийг нэмж, хомсдол үүсгэсэн. ШӨХТГ-аас энэхүү асуудлыг шалгах ажлын хэсэг гаргасан бөгөөд одоогоор шалгалт үргэлжилж байгаа аж. Шатахууны үнийн зөвлөлийн эцсийн шийдвэр гараагүй байгаа тул үнэ нэмсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн байна. Гэвч аж ахуйн нэгжүүд “ШТС-уудад засвар хийж байна. Шатахуунаа татаж байна” зэргээр шалтаглан шаардлагыг биелүүлэхгүй байгааг ШӨХТГ-ын дарга  Б.Лхагва мэдээлэв.
Тэрбээр, “Засийн газраас шатахууны үнийн асуудлыг шалгах тусгай ажлын хэсэг байгуулсан. ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан энэхүү ажлын хэсэг ойрын хугацаанд Засгийн газарт өөрсдийн саналаа танилцуулах болно. Шатахууны үнэ нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн зэрэг асуудал нь Хэрэглэгчийн тухай болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Энэ үйлдлийг удаа дараа гаргаж байгаа Магнай трейд” компанийн шатахуун импортлох, борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүлнэ. Мөн зохиомол хомсдол үүсгэсэн гэдгийг цагдаа, прокурорын байгууллагаар эцэслэн тогтоовол “Сод Монгол”, “Тэс Петролиум” зэрэг аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авах болно. Хуулийн дагуу нэг жилийн орлого буюу аж ахуйн нэгжүүдийн 2017 оны нийт орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно. Шатахууны үнийн зөвлөл эцсийн шийдвэр гаргаагүй байхад аж ахуйн нэгжүүд өөсрдийн дураар арга хэмжээ авахыг бид зөвшөөрөхгүй. Манай ажлын хэсэг ажиллах явцад зарим байгууллага саад хийхийг оролдсон. Тухайлбал, импортлогчид нөөцийн хэсэгтээ нэвтрүүлэхгүй байх, тоног төхөөрөмж эвдэрсэн зэрэг шалтаг хэлэх тохиолдол байлаа. Тиймээс бид цагдаа болон прокурорын газар дахин шалгалт хийх санал хүргүүлсэн” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн зүгээс ОХУ-ын шатахуун борлуулагч компанийг дотоодын зах зээлд оруулах хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа ч энэ нь хуулиар хориотой гэдгийг ШӨХТГ-ын удирдлагууд тайлбарлав. Газрын тосны тухай хуульд “Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүн борлуулахыг хориглоно” гэж заасан байдаг аж.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Орон нутагт шатахууны үнэ өссөн үү?

-Завхан, Сүхбаатар, Дорнод, Увс, Дорноговь аймагт шатахууны үнэ нэмэгдээгүй. Мөн хязгаарлалт хийгээгүй байна. Бусад аймагт шатахууны үнэ өссөн гэсэн мэдээллийг орон нутаг дахь улсын байцаагчдаас ирүүлсэн.

-Шатахуунаас үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Шатахуунаас хамааран бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өөрчлөгддөг. Шатахууны үнийг нэмэх шийдвэр албан ёсоор гараагүй. Тиймээс бусад бизнес эрхлэгчдийг бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байхыг уриалж байгаа. Бид зах зээлийн үнийг шууд зохицуулах боломжгүй.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ