Нэр дэвшигчдийн баримт бичгүүдийг хүлээн авч дууссан байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-15 13:24:12
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Сонгуулийн Төв хороо /СТХ/ тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд намуудаас нэр дэвшигчдийн бүрдүүлж өгөх ёстой баримт бичгүүдийг өнгөрсөн бямба гарагт хүлээн авч дууссан байна. Одоогоор ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан байдлаар нийт 20 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж.  

ОХУ-ын СТХ ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийг энэ сарын 7-ныг хүртэл, харин намаас нэр дэвшигчдийг нь энэ сарын 12-ныг хүртэл бүртгэх ёстой байсан юм.
 
Бие даан нэр дэвшигчийн хувиар нийт 15 хүн баримт бичгүүдээ хүлээлгэн өгсөн талаар өмнө нь СТХ мэдэгдэж байсан юм. Үүнээс зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Кострома мужийн думын депутат, гавьяат зохион бүтээгч Владимир Михайлов нарыг гарын үсэг цуглуулж, сонгуулийн зардлын дансаа нээхийг зөвшөөрсөн бол үлдсэн оролцогчдын хувьд баримт бичгийн зөрчилтэй гэж үзсэний улмаас татгалзсан хариу өгсөн байна. Сонгуульд бие даан нэр дэвшигчийн хувиар оролцох хүсэлтэй байгаагаа нийт 46 хүн мэдэгдэж байсан юм.

Эльвира Агурбаш (“Ногоон эвсэл”), Сергей Бабурин (“Оросын бүх ардын холбоо нам”), Екатерина Гордон (Сайн үйлсийн нам), Павел Грудинин (ОХУ-ын Коммунист нам), Владимир Жириновский (Оросын Либерал-Ардчилсан нам), Станислав Полищук (Нийгмий шинэтгэл нам), Ксения Собчак ("Иргэний санаачилга" нам), Максим Сурайкин (“Оросын коммунистууд нам”), Борис Титов (Өсөлтийн нам), Роман Худяков ("Шударга" нам), Григорий Явлинский ("Алим" нам), Наталья Лисицына ("Рот фронт" нам), Антон Баков (Оросын Хаант засгийн үзэлт нам), Михаил Козлов (Нийгмийн хамгааллын нам) зэрэг нийт 14 намаас нэр дэвшигч сонгуулийн зардлын дансаа өнөөдөр нээжээ. Үүнээс гадна өөр дөрвөн нэр дэвшигчийн баримт бичгүүдийг СТХ судлаж байгаа аж.

Ийнхүү бие даан нэр дэвшигч 2, намаас 18 нэр дэвшигч бүхий нийт 20 хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байна. Оролцогчдыг нэр дэвшүүлэх үе шат дуусгавар болсны дараа бүртгэлийн үе шат эхэлж байна. Парламентад суудалтай намын нэр дэвшигч нь гарын үсэг цуглуулах шаардлагагүй учраас хамгийн түрүүнд бүртгүүлэх боломжтой бөгөөд нийт нэр дэвшигчдээс Либерал-Ардчилсан намын нэр дэвшигч Владимир Жириновский болон Оросын коммунист намаас нэр дэвшигч, бизнес эрхлэгч Павел Грудинин нар гарын үсэг цуглуулах шаардлагагүй болж байгаа юм. Бусад нэр дэвшигчдийн хувьд гарын үсэг цуглуулах шаардлагатай бөгөөд бие даан нэр дэвшигчид нь наад зах нь 300 мянган хүний гарын үсгийг цуглуусан байх ёстой бол парламентад суудалгүй намын нэр дэвшигч нь 100 мянгаас цөөнгүй хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой аж. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ