УИХ дахь намуудын бүлэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-15 09:30:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь намуудын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийнэ.

Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдаж, энэ 7 хоногт хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэх юм. Мөн зарим хууль тогтоолыг нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаанд бэлтгэх ажлын хэсгийн хуралдаантай. Үүнд,

-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
*Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд тус тус хуралдахаар товолжээ.
Б.Туул
Холбоотой мэдээ