Бизнес эрхлэгчдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-11 08:37:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын амжилтыг олон нийтэд таницлах зорилго бүхий “Бизнес удирдагчдын үндэсний форум” энэ сарын 18-нд болно.

Энэхүү форумыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, чанар, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ОШМИ” группын санаачилгаар 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ онд тус форумыг “Нийгмийн хариуцлагын манлайлал” сэдвээр зохион байгуулах болжээ. Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид ашиг олохоос гадна хүрээлэн буй орчинг хамгаалах, харилцагчдын мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах болон нийгэмд сайн үйлс бүтээх зэрэгт үйл ажиллагааг идэвхтэй явуулж эхэлсэн. Тиймээс энэ жилийн форумыг аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглүүлж байгаа аж.

Форумд үндэсний 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, компанийн нийгмийн хариуцлага зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, олон улсын туршлагаас суралцах юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ