Үндсэн хууль баталсан АИХ-ын депутатуудад нэмэгдэл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-09 20:27:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

УИХ-аар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг энэ оны хоёрдугаар сард баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт алдар цолтонд сар бүр олгох нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор хуульчилсан бөгөөд Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг хуульд тусгасан байна. Тиймээс энэхүү хуульд нийцүүлэн алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг тогтоосон УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асуусны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоол батлав.
Холбоотой мэдээ