Цаг хэтрүүлсэн үйлчилгээний газруудыг торгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-09 17:43:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага болон алба хаагчид нийслэлийн хэмжээнд шөнийн цагаар цаг хэтрүүлэн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа баар, цэнгээний газар, цахим тоглоомын газар, түргэн үйлчилгээний цэг, саун массажны газар, дэн буудлуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Хяналт шалгалтын хүрээнд цаг хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн баар цэнгээний газар 33, хүнсний дэлгүүр 4, цахим тоглоомын газар 3, зөвшөөрөлгүй ажилласан түргэн үйлчилгээний цэг 34, дэн буудал 29, саун массажны газар 2, фэйсбүүк хуудсаар зар өгч, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан 5 зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуульд зааснаар 116 иргэн, аж ахуйн нэгжийг 14 сая 150 мянган төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулсан байна.

Цаашид энэ төрлийн зөрчлийг таслан зогсоох хүртэл хяналт шалгалтын ажил тогтмол зохион байгуулах тул иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг албаныхан анхааруулав.

 Ж.Батсайхан

Холбоотой мэдээ