Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн тохиолдолд НӨАТ-ын баримт олгохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-09 11:42:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж, шилжүүлэх үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуулийг дагаж мөрдөхийг шаардаж, Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд, “Татварын ерөнхий хууль, НӨАТ-ын тухай хуулийн дагуу бүх аж ахуйн нэгж QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалааны дугаартай төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглээгүй, татварыг хугацаанд нь тайлагнаж төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 6.5-д заасны дагуу хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Эдгээр хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу торгох, гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье” гэжээ.

Нийслэлд автомашин зөөж шилжүүлэх үйлчилгээ үзүүлдэг 17 аж ахуйн нэгж байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ