“Хургатай хайрхан”-ы өрөмдлөгийн үйл ажиллагааг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-08 15:50:09
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан аймгийн Онцгой комиссын гишүүд зүүн бүсийн сум болох Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг суманд ажиллаж өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах үеэр Цэцэрлэг сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан “Хургатай хайрхан”-ы өрөмдлөгийн үйл ажиллагааг зогсоов. 
Онцгой комиссын гишүүдийг Цэцэрлэг суманд ажиллах үеэр  иргэдээс  “Аспайр майнинг”-ийн охин компани болох “Хургатай хайрхан” компани он солигдох мөчид өрөмдлөг хийж эхэллээ. Яагаад заавал идэр ес эхэлсэн, он солигдох үед хайгуул хийж байгаад нутгийн иргэд гайхаж байна. Иймээс Онцгой комиссын гишүүдийг газар дээр нь очиж танилцана уу" хэмээн хүссэн юм. Ард иргэдийн хүсэлтээр ажлын хэсгийг 2018 оны нэгдүгээр сарын 5-ы оройн 21 цагт Цэцэрлэг сумын 6-р багийн Өндөр дэнж хэмээх газарт очиход майхан барьж, өрөм угсарсан байдалтай байлаа. Тус газарт нутгийн малчин иргэд цугларсан, аймаг орон нутгийн удирдлагуудад энэхүү үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа үгүйг тодруулж өгөхийг хүсч байлаа. Аймгийн Засаг дарга “Энэхүү үйл ажиллагаа явуулахын тулд аймаг орон нутагт яагаад мэдэгдээгүй, мөн идэр ес эхэлсэн, он солигдох үед яагаад өрөмдлөг хийж байна? гэж асуухад "Аспайр майнинг" компанийн хайгуулын инженер н.Барсболд “Манай бүх үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагддаг. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа явуулж байна” гэдгийг хэлж байлаа. Ийнхүү ард иргэдийн хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Онцгой комиссын гишүүд өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж байсан “Аспайр майнинг”-ийн охин компани болох “Хургатай хайрхан” компаний үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж өрөмдлөгийн үйл ажиллагааг нь зогсоолоо. “Дээрх компанийн үйл ажиллагааг судалж өрөмдлөг хийж буй газар нь "Хургатай хайрхан" компанийн хайгуул хийх зөвшөөрөлтэй эсэхийг тодруулна“ гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболд хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ