Олон жилийн дунджаас их цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-07 18:49:00

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн нутгаар өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн өнөөдрийн байдлаар хур тунадасны хэмжээ их хэмжээний цас нутаг дэвсгэрийн байдлаар харилцан адилгүй олон жилийн дунджаас ахиу унасан байна. Өнөөдрийн байдлаар Завханы хойд бүсийн таван сум, говийн хоёр сум, урд бүсийн нэг сумын нутаг дэвсгэрт цасны зузаан тал газраа 15-20 см гуу жалга, ууланд 20-25 см-ийн зузаантай байна. 

Энэ тухай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас сүүлийн 10 жилийн цаг агаарын аюултай үзэгдлүүдийн хувьсал өөрчлөлт болон энэ жилийн хур тунадасны хэмжээнд судалгаа хийснээ аймгийн Онцгой комисст танилцуулахдаа онцоллоо. Тиймээс малчид тээвэрчид анхааралтай байхыг анхааруулж байна. 

Уур амьсгалын өөрчлөлт Завхан аймгийн нутагт сүүлийн 21 жилд хэрхэн явагдаж байгаа талаар харуулахын тулд газарзүйн өөр өөр бүс нутагт орших долоон өртөөний агаарын температур, хур тунадасны өөрчлөлтийг авч үзсэн байна. Завхан аймгийн нутгаар агаарын температурын жилийн дундаж  (-2.2-(-6.8))С-ын хооронд хэлбэлздэг. 1940-1975 онд буюу 35 жилд агаарын жилийн дундаж температур 0.19С–аар нэмэгдсэн ба 1976 оноос хойш 2016 он хүртэл сүүлийн 40  жилд 2.1С-аар дулаарсан байна. Харин агаарын дундаж температур сүүлийн 20 жилд дунджаар 0.7 градусаар дулаарсан байна. Сүүлийн арван жилийн IV-IX сард 0.5-1.3 градусаар дулаарсан, харин өвлийн улиралд буюу XII, I, II дугаар саруудад 0.9-2.9 градусаар хүйтэрсэн байна. 2017-2018 онд гэхэд олон жилийн дунджаас илүү хур тунадас орж цочир хүйтэрсэн тохиолдлын давтамж хавар, өвлийн улиралд нэмэгдсэн байна. 

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ