М.Саакашвили-д гурван жилийн хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-05 18:47:56
ТБИЛИСИ./ТАSS/. Гүржийн нийслэл Тбилиси хотын шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилид албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гурван жилийн эчнээ хорих ял оноожээ.

2008 оны 11 дүгээр сард тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Гүржийн Нэгдсэн банкны ажилтан Сандро Гиргвлианийг хөнөөсөн хэргээр ял сонссон этгээдүүдэд өршөөл үзүүлнэ гэдгээ Гүржийн ДХЯ-ны Үндсэн хуулийн аюулгүй байдлын албаны даргад амласан ажээ. М.Саакашвили өршөөлийн комисст мэдэгдэлгүйгээр Гүржийн ДХЯ-ны офицерууд болох Геронтий Алания, Михаил Бибилуризе, Автандил Апциаури болон Александр Гачава нарын дөрвөн хүнд өршөөл үзүүлсэн байна.

2013 онд М.Саакашвили Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас хэдхэн өдрийн өмнө Гүржийг орхин явснаас хойш АНУ болон Украинд оршин сууж байсан юм.
 
Гүржийн шүүх түүний эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал, 2007 оны 11 дүгээр сарын 7-нд Гүржид болсон жагсаал цуглаанд оролцогчдыг залхаан цээрлүүлэх ажиллагааг зохион байгуулсан, “Имеди” телевизийн байранд хууль бусаар нэвтрэн орсон, бизнес эрхлэгч Бадри Патаркацишвилийн эд хөрөнгийг хууль бусаар булаан авч эзэмшсэн, Сандро Гиргвлиани гэдэг банкны ажилтныг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахад саад учруулсан, 2009-2012 онд улсын хөрөнгийг шамшигдуулсан гэх мэт олон үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж байжээ.
 
М.Саакашвили 2015 оны 5 дугаар сард Украины иргэн болж, мөн оны 12 дугаар сард Гүржийн иргэншлээс татгалзсан байна. Харин 2017 оны 7 дугаар сарын 26-нд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко түүнийг Украины иргэншлээс хасчээ.
Э. Аянзаяа 


 
 
Холбоотой мэдээ