"Хуулиа дээдлье" аяны үр дүнд иргэдийн хуулийн мэдлэг сайжирсан гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-02 17:09:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрөгч оны нэгдүгээр сарын 20-ноос эхэлсэн «Хуулиа дээдлье» аяны үр дүнд иргэд, олон нийтийн хуулиа сахин биелүүлэх сэтгэлгээ, хандлага сайжирч, хууль, эрх зүйн мэдлэг дээшлэн гэмт хэргийн суурь шалтгаан нөхцөл арилахад эерэг нөлөө үзүүлсэн талаар Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мэдээллээ.

Тус зөвлөлөөс аймгийн ЗДТГ, Цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан уг аян нэг жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд 12 сум, аймгийн төвийн 35 төрийн байгууллага хамрагджээ. Аяны хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль,  замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг найман төрлийн хуулийг сурталчилжээ. Тухайн хугацаанд 27 төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс 96,2 хувь нь биелэгдсэн хэмээн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг саяхан дүгнэжээ.  

Ерөнхий арга хэмжээнд бусдыг манлайлан оролцож, үр бүтээл гаргасан Цэнгэл, Алтай, Бугат сумд болон аймгийн Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн байгууллагуудыг  аймгийн ИТХ болон Засаг даргын "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнаж урамшуулжээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ