Хулгайлагдсан иргэдийн асуудал: Пхеньян Японоос их хэмжээний мөнгө хүсэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-02 11:49:51
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгост хулгайлагдсан япончуудыг нутаг буцаахын тулд Умард Солонгосын эрх баригчид Японы талаас их хэмжэээний санхүүгийн дэмжлэг хүсэж байна гэж Японы “Mainichi” сонин мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
2016 онд Өмнөд Солонгос улс руу зугтсан, Их Британи дахь Умард Солонгосын Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Тэ Ён Хо тус сонинд ярилцлага өгөхдөө “Умард Солонгосын эрх баригчдад нэлээд их хэмжээнийн мөнгө харуулахаас нааш тэд хулгайлагдсан япончуудыг суллахгүй. Умард Солонгосын холбогдох албаны хүмүүс хулгайлагдсан япончуудаас хараа хяналтаа салгахгүй байгаа нь тодорхой” гэсэн байна.  

Умард Солонгос болон Япон улсын харилцаанд хамгийн их сэв суулгасан асуудлуудын нэг нь 1970-аад оны үед Умард Солонгосын тагнуулчид Японы иргэдийг хулгайлсан явдал юм. Умард Солонгосын тал япончуудыг хулгайлсан гэдгээ няцаасаар ирсэн ч  Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ 2002 онд хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь нутаг буцаасан юм.
 
2014 оны тавдугаар сард Япон болон Умард Солонгосын Засгийн газар хулгайлагдсан иргэдийн асуудлыг хамтран шалгахаар тохиролцож, тусгай хороо байгуулсан юм. Гэсэн ч Умард Солонгос баллистик пуужин харвасны хариуд Японы эрх баригчид Умард Солонгосын эсрэг дангаар хориг арга хэмжээ нэмж авснаар тус хороог тараах болсноо Умард Солонгосын эрх баригчид албан ёсоор зарлаж байв.  
 
Умард Солонгост хулгайлагдсан япончууд амьд, Пхеньяны гарт байгаа хэмээн Умард Солонгосоос оргон зугтсан хүмүүс нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Энэ асуудлыг шийдвэрлэж, иргэдээ эх оронд нь эргүүлэн авчрах нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг юм хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мөн хэд хэдэн удаа мэдэгдэж байсан билээ. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ