Умард Солонгосын эсрэг хориг улам чангарсаар...

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2017-12-26 13:49:17
Сар орчмын өмнө БНАСАУ баллистик пуужин туршсантай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тус улсын эсрэг авсан хоригоо чангатгах тухай тогтоолыг 22-ны өдөр санал нэгтэйгээр баталлаа. Ингэснээр НҮБ ганцхан жилийн дотор /2017 он/ гуравдахь удаагаа хоригоо чангалж байна. 
 
Тогтоолыг батлахыг Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн улс бүгд дэмжсэний дотор Умард Солонгосын худалдаа-эдийн засгийн гол түнш болох Хятад болон Орос улс оржээ.
 
Тогтоолын дагуу, Умард Солонгост нийлүүлж буй нефть, нефтийн бүтээгдэхүүний хэмжээнд хязгаарлалт тогтоосноос гадна тус улсын цагаач ажилчдыг 24 сарын дотор нутагт нь буцаах шаардлагыг НҮБ-ын гишүүн орнуудад тавьсан байна.
 
Тус улсын эсрэг 11 жилийн турш байнга хориг тавьсаар ирсэн учраас хүмүүст улиг дасал болж, энэ удаагийнх хэр хатуу вэ гэдгийг төдийлөн анзаараагүй байж болох юм. Энэ удаад Умард Солонгост нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээг жилд 500 мянган баррель болгон бууруулжээ. АНУ-ын холбогдох албадын мэдээллээр, 2016 онд Умард Солонгос 4,5 сая баррель газрын тосны бүтээгдэхүүн импортолж байсан бол дээрх тогтоол гарснаар энэ хэмжээ 9 дахин буурахаар байгаа нь үнэхээрийн чанга хориг юм.



Хоригтой холбоотой “он дарааллын товчоон” 

Умардын эсрэг удаа дараа авсаар буй хоригуудын гол зорилго бол БНАСАУ-ын эрх баригчдыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээс нь татгалзуулах  явдал юм. Нөгөөтэйгүүр, хоригт автсан улс орны ард иргэдийн ахуй амьдрал улам хүнд болсноор эрх баригчдын эсрэг бослого хөдөлгөөн дэгдэж, Ким Жөн Уны дэглэмийг түлхэн унагана гэсэн тооцоог барууныхан хийж байгаа нь нууц биш.

Эл зорилгоор өнгөрсөн 11 жилийн хугацаанд Умардын эсрэг нийтдээ 8 удаа хориг арга хэмжээ авч байсныг нэг бүрчлэн товч дурдвал:
 
1.Умард Солонгосын эсрэг анхны хориг 2006 онд үйлчилж эхэлжээ. Тухайн онд тус улс анх удаагаа цөмийн туршилт хийснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зэмлэн буруушааж, 1718 тоот тогтоол гарган, БНАСАУ-д цэргийн техник болон тансаг хэрэглээний эд бараа нийлүүлэхийг хориглосон байна.                                                                                                                                                        
2.2009 онд Умард Солонгос хоёрдахь удаагаа цөмийн туршилт хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1874 тоот тогтоолоор БНАСАУ-д зэвсэг нийлүүлэхийг хориглосон байна. Үүний сацуу тус улс руу явж буй бүх хөлөг онгоцонд үзлэг шалгалт хийж, цөмийн хөтөлбөрт ашиглаж болзошгүй аливаа ачааг шууд устгахыг НҮБ-ын бүх гишүүн оронд үүрэгдсэн байна.

3. 2013 оны 1 дүгээр сард Умард Солонгос “Кванмёнсон-3” гэдэг хиймэл дагуул хөөргөсөн нь НҮБ-ын зүгээс хориг арга хэмжээгээ улам чангатгахад хүргэлээ.

4. Мөн оны 3 дугаар сард Умард Солонгос улс гуравдахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан НҮБ-ын хориг улам чангарч, олон улсын санхүүгийн байгууллагуудаас Умард Солонгос руу хийж буй мөнгөн шилжүүлгэнд хязгаарлалт тогтоожээ.

5. 2016 оны 3 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2270 тоот тогтоол гаргаж, Умардын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, тус улсаас алт, ванадий, титан болон газрын ховор металлуудыг экспортлохыг хориглолоо. Түүнчлэн ашиг олох зорилгоор хийж буй нүүрс, төмрийн хүдрийн экспортод хязгаарлалт тавьжээ.

6. Мөн оны 11 дүгээр сард хоригийг улам чангатгаж, нүүрс, зэс, никель, цайр, мөнгө зэргийг БНАСАУ-аас импортлон авахыг хориглосон байна. 

7. 2017 оны 8 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2371 тоот тогтоол гаргаж, Умард Солонгосоос нүүрс, төмрийн хүдэр, цайр зэрэг ашигт малтмал, түүнчлэн загас болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн экспортлохыг бүрмөсөн хориглолоо. Түүнээс гадна тус улсын Гадаад худалдааны банкинд хязгаарлалтын арга хэмжээ авч, гадаад орнуудад ажиллаж буй Умардын ажилчдын тоог нэмэгдүүлэхийг хориглосон байна. 

8. Мөн оны 11 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2375 тоот тогтоол баталж, НҮБ-ын гишүүн орнуудаас Умард Солонгост нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд хязгаарлалт тогтоож, тус улстай хамтран үйлдвэрүүд байгуулахыг хоригложээ.

Хоригт ажрахгүй байгаагийн учир  

Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс маш хатуу хориг арга хэмжээ авсаар байгаа боловч Умард Солонгосын эдийн засаг тогтвортой өссөөр байгаагийн учир шалтгаан нь ажиглагчдын сонирхлыг татаж байна. Хориг Хойд Солонгост санасан ёсоор хүчтэй нөлөөлөхгүй байгаагийн учир юу вэ? Энэ талаар ажиглагчид хэд хэдэн таамаг хувилбар дэвшүүлсэн байдаг. 

Эн түрүүнд дэвшүүлж буй сэжиг таамаг бол "хятадууд НҮБ-ын тогтоолын цоорхойг овжноор ашиглан, ямар нэгэн байдлаар Умард Солонгосоос нүүрс, төмрийн хүдрийг худалдан авсаар байж магадгүй" гэсэн хардлага юм.

Нөгөөтэйгүүр, Умард Солонгос нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэлээд их хэмжээний гадаад валютын болон хүнсний нөөц хуримтлуулж, хоригийн нөлөөг зөөлрүүлэхэд үүнийгээ ашиглаж байна. Энд нэг онцлог зүйлийг дурдах нь зүйтэй. Хуучин социалист орнуудаас ялгаатай нь гэвэл, социализмын үед БНАСАУ-д валют солилцоог хориглож байгаагүй бөгөөд тус улсад гадаад орнуудын валютыг бараг л үндэсний мөнгөн тэмдэгтэй ижил түвшинд хэрэглэдэг байв. Харин 2010 онд үүнийг цэгцэлж зогсоожээ. 
 
Өөр нэгэн зүйл гэвэл, гадаадад ажиллаж буй иргэдээс илгээж буй валют болон Ойрхи Дорнодын орнуудад зэвсэг зарснаас олсон нэлээд их мөнгийг албан ёсны статистик мэдээнд оруулдаггүй гэдгийг дурдах нь зүйтэй.   

Аливаа хориг нь гадаад эдийн засгийн өргөн харилцаа холбоотой улс орнуудад хүчтэй цохилт болдог. Гэтэл БНАСАУ ийм улсуудын тоонд орохгүй, дэлхий ертөнцөөс үндсэндээ тусгаарлагдсан, хаагдмал улс билээ.

Хэдийгээр хатуу хоригийн улмаас тус улсад амьдрал хэцүү байгаа боловч улс төрийн байдал тогтвортой байгаагийн нэг гол шалтгаан бол өөрийн хүчинд тулгуурлан социализмыг байгуулах тухай чүчегийн онолтой холбоотой юм. Олон улсын хориг үйлчилж буй өнөөгийн нөхцөлд ийм онол улам бүр цагаа олсон зүйл болж байна. 

Тэгээд ч Умард Солонгосын төр, ард түмэн нь 11 жилийн турш үргэлжилж буй хоригийн хүнд нөхцөлд амьдрал ахуйгаа зохицуулаад сурчихжээ. Хоригийн хүнд нөхцөлд Солонгосын ард түмэн төр засгаа улам нягт хүрээлэн нэгдэж байна.
 
Хориг улам чангарсаар байгаа нь эдийн засгийн байдалд нөлөөлөх нь тодорхой боловч улс төрийн байдал, улс төрийн шийдвэр буюу пуужин-цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад хүргэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Ингэж хэлэхийн учир гэвэл, 1990-ээд оны хоёрдугаар хагаст тус  улсад болсон өлсгөлөнд нэрвэгдэн 500 мянган хүн амиа алдсан гэдэг. Тэр үед улс төрийн тогтворгүй байдлын ямар ч шинж тэмдэг илэрч байгаагүй. Энэ үетэй одоог харьцуулахад, хүнсний хангамж илт сайжирсан билээ.  
 
Оросын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “өөрсдийгөө аюулгүй байдалд байна гэж мэдрээгүй нөхцөлд умард солонгосчууд өвс идэхдээ тулсан ч гэсэн цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй” гэж  байсан билээ.

Хориг үйлчилсэн ч эдийн засаг өссөөр

Хориг арга хэмжээний улмаас Умард Солонгост эдийн засгийн байдал муудаж байсан нь мэдээж. 2011 онд гэхэд тус улсын 6 сая гаруй иргэнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байсан бол 5 хүртэлх насны хүүхдүүдийн 33 хувь нь хоол тэжээлийн дутагдалд орж байсан тухай мэдээлэл бий. 

22-ны өдрийн НҮБ-ын тогтоолоор хориг улам чангарснаар БНАСАУ-д эдийн засгийн болон хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч, тус улс дэлхий ертөнцөөс бүрэн тусгаарлагдах нь ойлгомжтой боллоо.

Гэсэн хэдий ч Умард Солонгосын эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн удаа дараагийн тогтоолуудыг үл тоомсорлон пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаагийн нэг учир шалтгаан нь, тус улсын эдийн засаг сүүлийн хэдэн жилд тасралтгүй өссөнөөр олон улсын хатуу хоригийн үйлчлэлийг зохих хэмжээгээр саармагжуулж байгаатай холбоотой.             

Сүүлийн 10 гаруй жилийн турш хориг үйлчилсээр байгаа хэдий ч Умард Солонгосын эдийн засаг 2016 онд 3,9 хувиар өссөн нь гайхалтай үзүүлэлт юм. Өмнө нь 1999 онд 6,1 хувийн өсөлт гарч байсныг рекорд амжилт гэж хэлж болно.  

Сүүлийн 5 жилийн хугацаанд Умардын эдийн засаг тасралтгүй өссөн нь тус улсын удирдагч Ким Жөн Ун аж ахуйн бүх түвшинд зах зээлийн харилцааг албан бусаар хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой. Ялангуяа тариачид, худалдаачид зэрэг жижиг бизнес эрхлэгчдэд худалдаа наймаа хийх өргөн боломжийг олгосон байна. Үүний үр дүнд үйлдвэрлэл, худалдааны салбарт дэвшил гарч, дотоодын хэрэглээ мэдэгдэхүйц тэлжээ.  

                                                                             

Нас барсан эцгийгээ залгамжлан 2011 онд засгийн эрхийг авсан Ким Жөн Ун эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэхийн тулд нэлээд хэдэн шинэчлэл хийсэн байна. Юуны түрүүнд, 90-ээд оны өлсгөлөнг дахин гаргуулахгүйн тулд хөдөө аж ахуйн салбараа эрчимтэй шинэчилж эхэлжээ. Шинэ дүрэмд заасны дагуу, Солонгосын тариачид 1-2 гэр бүлээс бүрдэх жижигхэн салаа болон нэгдэж ажиллах болов. Хурааж авсан ургацынхаа 60 хувийг тариачид өөртөө авч үлдээд, зах зээлд борлуулах боломжтой болжээ. Үүний үр дүнд умард солонгосчууд хүнсний хямралаас гарсан байна.

Хувиараа бизнес эрхлэхийг хуулиар хориглосон боловч бодит амьдрал дээр энэ хориг үйлчилдэггүй. Бизнес эрхлэгчид төрийн албан тушаалтнуудтай тохиролцсоны үндсэн дээр төрийн өмчийн үйлдвэрийн газар байгуулах ба тэр нь хувийн хэвшлийн компанийн зарчмаар ажиллана. Олсон ашгаасаа тодорхой хувийг улсад тушаана гэх мэт.   

Төвлөрсөн төлөвлөгөөний дагуу ажилладаг төрийн өмчийн үйлдвэрийн газрууд нийт эдийн засгийн гуравны нэг орчмыг л эзэлдэг ба үлдсэн бусад бүх үйлдвэр, аж ахуйн бизнесээ чөлөөтэйгээр явуулдаг байна. Одоогийн байдлаар, Умард Солонгосын хувийн хэвшлийнхэн ДНБ-ний 30-50 хувийг үйлдвэрлэж байна гэсэн баримжаа тоо бий.

Эдийн засаг өссөний өөр нэгэн шалтгаан нь 2015 онд болсон хүчтэй ган гачгийн хор уршгийг арилгаж чадсантай холбоотой.

Түүнчлэн зэвсэг техникийн үйлдвэрлэлд ихээхэн хөрөнгө оруулсан нь өсөлтөд нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Тодруулбал, пуужин-цөмийн хөтөлбөр гэдэг бол үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм.

Үүний сацуу өнгөрсөн онд уул уурхайн салбарт 8,4 хувийн өсөлт гарсан бол нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмж 22,3 хувиар өссөн байх жишээтэй. Экспорт 4,6 хувиар /6,5 тэрбум доллар/, импорт 4,8 хувиар /3,73 тэрбум доллар/ тус тус нэмэгдсэн байна.

Дашрамд дурдахад, Умард Солонгосын нутаг дэвсгэрт 200 орчим төрлийн ашигт малтмал байдгийн дотор төмөр, алт, цайр, зэс, шохойн чулуу, молибден, гөлтгөнөөр маш баялаг. Түүнчлэн гар утас болон өндөр технологийн бүтээгдэхүүний орцонд байдаг газрын ховор металлын ихээхэн нөөц бий.

Тус улсын ашигт малтмалын нөөцийн үнэлгээг хийхээр олон жилийн турш оролдсон боловч хаагдмал нууцлаг байдлаас болж баримжаа тоо л дуулддаг. Өмнөд Солонгосын уул уурхайн нэгэн компанийн тооцоолсноор, 6 их наяд доллароор үнэлэгдэх ашигт малтмал, өөр нэгэн судалгааны хүрээлэнгийн таамаглаж байгаагаар, 10 их наядын их баялаг Умард Солонгосын хөрсөн дор нуугдаж байгаа аж.  

Гэхдээ эдийн засгийн үзүүлэлтүүд бүхэлдээ жигд сайн байна гэж хэлэх боломжгүй. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гөн Хэгийн гаргасан шийдвэрийн дагуу  2016 онд “Кэсон” аж үйлдвэрийн паркийг хаасан нь хоёр орны худалдааг бүрмөсөн зогсоход хүргэжээ. Уг паркт Умард Солонгосын 50 мянга орчим иргэн ажиллаж, 2,3 тэрбум долларын цалин авдаг байсан аж.
 
Умард Солонгосын гадаад худалдааны бараа эргэлтийн 92,5 хувь нь Хятад улсад ногддог байна. Гэтэл НҮБ-ын АЗ-ийн 2016 оны 3 дугаар сард баталсан тогтоолын дагуу хятадууд БНАСАУ-аас нүүрс худалдан авахаа зогсоосон нь Умардын эдийн засагт томоохон цохилт боллоо. Тоо баримтаар тодруулбал, худалдааны гол түнш болох хятадууд нүүрс болон төмрийн хүдэр худалдан авахаа зогсоосноос үүдэн умардынхан 1 тэрбум доллар олох боломжоо алджээ.  
 
НҮБ-ын хориг хэнд илүү хожоотой вэ?
 
Умард Солонгосын эсрэг НҮБ-ын хориг нь Орос, Монгол зэрэг нүүрсээ Хятадад нийлүүлдэг орнуудад ашигтай тусч байгаа нь илт байна. Умард Солонгосоос 2016 онд 22 сая нүүрс худалдан авч байсан хятадууд импортоо зогсоосноор Орос улсад антрацитийн үнэ эрс өсчээ. Ялангуяа Оросын Алс Дорнодын бүс нутгийнхны хувьд нүүрс болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээ Хятадад их хэмжээгээр нийлүүлэх боломж гарч ирлээ. Учир нь, Умард Солонгос бол Хятадад загас болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч гол орон байсан бөгөөд Зүүн Хойд Хятадад загас консервлох олон тооны үйлдвэрүүд ажилладаг. Умардынхан НҮБ-ын хоригт орсноор эдгээр үйлдвэр  түүхий эдээ Оросоос авахаас аргагүйд хүрэх ба ингэснээр Алс Дорнодын загасчдын орлого эрс нэмэгдэх юм.
 
Умард Солонгостой хамтран үйлдвэр байгуулах, тус улсад хөрөнгө оруулахыг НҮБ хориглосон боловч энэ нь Орос улсад хүндээр тусахгүй аж. Учир нь, Ражин боомтыг хамтран ашиглахын тулд хоёр улсын байгуулсан ганцхан том үйлдвэрийн газар байдаг нь “Расонконтранс” юм.  

Хоёр орны хооронд бараа эргэлт гэхээр зүйл бараг байхгүй. Оросууд жилд ердөө 160 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнийг Умард Солонгост нийлүүлдэг байна. Энэ нь Орос улсын экспортлодог 400 сая тн-ын хажууд далайд дусал гэсэн үг. Ийм  учраас НҮБ-ын хориг нь Оросод хохирол учруулахгүй гэж үзэж болно. Харин Оросод ажилладаг Умард Солонгосын 30 мянган иргэн гэнэт гарч явсан тохиолдолд ажиллах хүчний дутагдал түр зуур үүсч магадгүй юм.



Нөгөөтэйгүүр, манай Монголд шууд хамаатай НҮБ-ын тогтоолын заалт бол Умард Солонгосын ажилчдыг нутагт нь буцаах асуудал. 2008 онд УИХ-аар соёрхон баталсан засгийн газар хоорондын “Ажиллах хүч солилцох гэрээ”-ний дагуу манай улсад Умард Солонгосын 1761 иргэн ажиллаж байна гэсэн тоо бий. Умардаас авах ажилчдын тоог жил бүр тогтоодог бөгөөд 2014 онд 5000, 2015 онд 3873, 2016 онд 2483 ажилчин авах квот гаргасан ажээ.

Нөгөө талаас, Хятад улс БНАСАУ-аас нүүрс худалдан авахаа зогсоосноос үүдэн 2017 оны эхний хагаст Монголын нүүрсний экспорт дөрөв дахин өссөн байх жишээтэй.

Б.Адъяахүү
 



 
 
 



 
 
Холбоотой мэдээ