Импортын эрчим хүчийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-22 13:51:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай,  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Импортын эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжиж байна. Бид нүүрсний, нарны болон салхины энергийн асар их нөөцтэй улс. УЦС барих асуудлыг мөн дэмжих ёстой. Ийм их нөөцтэй байж гаднаас цахилгаан авах явдлыг багасгахад онцгой анхаарах шаардлагатай. Хаана нөөц их байна, түүнийгээ ашиглах чиглэлээр Засгийн газар, салбарын сайд онцгойлон анхаарч ажиллана байх. Өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш экспортлох боломж байгааг анхаараарай" гэв.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл чөлөөлөхөөр тусгасан дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн байна. Ингээд санал хураалт явуулахад дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай байнгын хорооны санал олонхийн дэмжлэг авч хуулиуд батлагдлаа. 
 
Холбоотой мэдээ