Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн цуваа 17 км болж буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-21 13:37:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ, УУХҮЯ болон АТҮТ-ийн удирдлагууд шуурхай зохицуулалтын ажил хийснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд үүсээд байсан нүүрс тээвэрлэлтийн 100 км гаруй урт цуваа 17 км болж буурав.
Энэ талаар өнөөдөр ЗТХЯ, АТҮТ-ийн удирдлагууд мэдээлэл хийв. Засгийн газраас дээрх дарааллыг бууруулах чиглэлээр хэдэн хэдэн зохицуулалт бүхий тогтоол баталсан байна. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт хүрэх уртын тээвэрлэлтийг Тавантолгой-Цагаан хад, Цагаан хад-Гашуунсухайт гэсэн хоёр хэсэгт хуваах, гаалийн нэвтрэн шалган өнгөрүүлэх цэгүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах зэргийг тогтоолд тусгажээ. Энэ дагуу ЗТХЯ, УУХҮЯ, АТҮТ-ийн хамтарсан ажлын хэсэг хэд хэдэн зохицуулалт хийжээ. Тухайлбал, энэ сарын 12-ны 01.00 цагаас Тавантолгойн уурхайн нүүрс ачилтыг түр зогсоосон байна. Ингэснээр дараалал өнгөрсөн шөнийн байдлаар 17 км болж буурчээ. Тиймээс өнөө өглөөнөөс уурхайгаас Цагаан хад чиглэлийн ачилтыг нээсэн бөгөөд одоогийн байдлаар 100 орчим автомашин хөдөлсөн байна. Харин үдээс хойш буюу 14.00 цагт Цагаан хад- Гашуун сухайт чиглэлийн тээвэрлэлтийг эхлүүлнэ гэдгийг ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд дурьдлаа.

Тэрбээр, “Гашуунсухайт боомтоор 2014 онд 10.3 сая тонн, 2015 онд 5.6 сая, 2016 онд 13 сая ачаа гарсан. Харин 2017 онд зөвхөн нүүрс л гэхэд 17 сая тонн гарсан байна. Тиймээс дарааллыг бууруулахын тулд хилийн болон бусад хяналтын байгууллагууд, уурхай, зам хариуцагч зэрэг бүхий л аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байгаа” гэлээ.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар өдөрт дунджаар 1200-1400 тээврийн хэрэгсэл гардаг байжээ. Гэвч нүүрсний экспорт огцом нэмэгдсэнээс үүдэн энэ оны 7 дугаар сараас хүндэрсэн байна. Түүнчлэн Тавантолгойд байрлах уурхайнуудаас тээврийн хэрэгслийн тоог нэмэх хүсэлтийг АТҮТ-д тогтмол ирүүлэх болжээ. Энэ дагуу АТҮТ-өөс уурхай болон нүүрс худалдан авагч хооронд хийсэн гэрээ, тээвэрлэлтийн хэмжээг тооцон зөвшөөрөл олгодог бөгөөд одоогийн байдлаар 7400 орчим тээврийн хэрэгсэл байгаа гэдгийг тус төвийн дэд захирал Ш.Батсайхан хэллээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Нэвтрэх чадварыг дээшлүүлэх чиглэлд БНХАУ-ын талтай хэрхэн хамтран ажиллах вэ?

-Монголын талаас зургаа, БНХАУ-ын талаас хоёр шугамаар нэвтэрч байгаа. БНХАУ таван шугамаар нэвтрүүлэх боломжтой. Өмнө нь нэг тээврийн хэрэгслийг 3-5 секундэд нэвтрүүлдэг байсан бол одоо 28 минут шалгаж байгаа. Энэ асуудлаар холбогдох албаныхан уулзаж, ярилцаж байна. БНХАУ-ын талаас энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ албан бусаар хэлдэг. 

-Тээврийн хэрэгслийн тоог бууруулах уу?

-Бид саяхан АТҮТ-тэй хамтран ажилладаг тээврийн байгууллагуудтай хийсэн гэрээгээ дүгнэсэн. Гашуунсухайтад гэхэд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн 50 аж ахуйн нэгжийн 3600 тээврийн хэрэгсэл байна. Зөрчил, дутагдлаа арилгах боломжтой 1000 орчим тээврийн хэрэгсэл бий. Эдгээр тээврийн хэрэгслийн тоо, дугаар зэрэг нарийн мэдээллийг уурхайнуудад хүргүүлсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэг хариуцлагатай аж ахуйн нэгжүүдээр тээвэрлэлт гүйцэтгэдэг болохыг уурхайнуудад анхааруулж байгаа. Нөгөөтэйгүүр хил хамгаалах байгууллагаас хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, жолооч нарын мэдээллийг бидэнд сар бүр ирүүлэх болсон. Энэ тоонд үндэслэн бид тээвэр төлөвлөлтөө нарийн боловсруулах боломжтой.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ