2017 оны “Шилдэг авьяаслаг хүүхэд”-ээр сурагч М.Дашсүрэн тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-12-19 14:39:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа.

Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн номинациар шалгаруулсан юм. Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргийн сургуулиудаас 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч нэр дэвшин, 5 хүүхдийг шилдгээр тодруулав.
Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагааг онцлог байдлаар зохион байгуулж, тэдэнд хүндэтгэл үзүүлж амжилт нь өөрийн хүрээллийн найз нөхөд, багш, сургуулийн удирдлагуудтай хуваалцаж сургууль дээр нь гардуулав.
 
2017 оны “Нийслэлийн шилдэг авьяаслаг хүүхэд”-ээр Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Дашсүрэн шалгарав.
Тэрбээр “Алтан гадас” 2016 Олон улсын хүүхдийн бүжгийн их наадамд хамтлаг бүжгийн төрлөөр дэд байр, гоцлол бүжгийн төрлөөр дэд байр “Алтан гадас” 2017 Олон улсын хүүхдийн бүжгийн их наадамд хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр, 2016, 2017 оны Бий биелээчдийн хүүхдийн улсын уралдаан хамтлаг биелгээний төрлөөр хошой хүрэл, хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр, 2015, 2016, 2017 “Бидний бахархал” Чингэлтэй дүүргийн хүүхдийн урлагийн их наадамд хамтлаг бүжгийн төрлөөр 3 удаагийн алтан медаль, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр, БНХАУ-ын Манжуур хотын тоглолт, Нийслэлийн хүүхдийн баярын үйл ажиллагаа, “Бид сайн сайхныг дагуулна”, БНТУ-ын хүүхдийн баярын хүндэтгэлийн тоглолт, “Хавсаган” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа, “Нийслэлийн шилдэг хүүхэд-2016” шалгаруулах ёслолын үйл ажиллагаанд оролцсон.
Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд төр захиргааны байгууллагуудын удирдлагууд болон салбартаа амжилт гарган ажиллаж яваа олны танил хүмүүс амжилт хүсэн талархал дурсгалын зүйл гардуулсан юм. 
 
Ж.Болор
Холбоотой мэдээ