Турк улс Иерусалимд ЭСЯ-аа нээхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-18 11:38:07
КАРАМАН. /Эн-Эйч-Кэй/. Палестинчууд ирээдүйн төрт улсынхаа “нийслэл”-ийг болгоно гэдэг Иерусалим хотод ЭСЯ-аа нээхээр төлөвлөж буйгаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, Р.Т.Эрдоган өчигдөр Туркийн төвийн нутгийн Караман хотод сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ энэ тухай дурдсан байна.

Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрч буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр зарласныг Турк улс эсэргүүцэж байгаа юм.

Р.Т.Эрдоган хэлэхдээ “Турк улс Иерусалимд Ерөнхий консулын газраа хэдийнээ нээсэн. Тэнд манай улс ЭСЯ-аа албан ёсоор нээх өдөр ойртож байна. Гэхдээ Иерусалим нь одоогоор Израилийн эзлэн түрэмгийлэгчдийн гарт байгаа учир бид ойрын хугацаанд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй нь. Ойрхи Дорнодын бусад улс орны нэрийн өмнөөс АНУ-ын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа би илэрхийлж байна” гэжээ.

Турк улс нь Израилийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Тель-Авив хотод ЭСЯ-аа нээсэн юм. Гэхдээ тус улс нь Палестиныг мөн “тусгаар улс” гэж үздэг билээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ