Хүмүүнлэгийн үйлстнүүдийг алдаршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-15 17:57:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийг гамшиг ослоос хамгаалах, гамшгийн үед тусалж дэмжих чиглэлд идэвхтэй ажилласан иргэн, аж ахуйн нэгжүүдэд өнөөдөр МУЗН-ээс алдаршуулав.

Гамшгийн үед иргэд, олон нийтийг авран хамгаалах үйлсээрээ бусад байгууллагыг манлайлж, төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн ОБЕГ, Сүрьеэтэй тэмцэх ажлын хүрээнд эмзэг бүлгийн 2500 иргэнийг үзлэгт хамруулсан “Энэрэл” эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлэг, Баян-Өлгий аймагт 35 өрхийн хотхон байгуулсан Кувейтын Элчин сайдын яам зэрэг 11 байгууллагад өргөмжлөл гардуулав. Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд тогтмол мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж буй МҮОНРТ-ийг мөн шагнаж, өргөмжлөл гардууллаа.

Түүнчлэн хүмүүнлэг үйлсээрээ МУЗН-ийн гишүүдийг манлайлсан Ц.Зоригт, Д.Сувд, С.Ганзориг нарын 17 иргэн “Энэрэл”, “Нигүүсэл” алт, мөнгөн медалиар энгэрээ мялаав.

МУЗН-ийн хувьд 2017 онд иргэдэд чиглэсэн хэд хэдэн чухал арга хэмжээг зохион байгуулсан байна. Тухайлбал, өвөлжилт хүндэрсэн 13 аймгийн 5480 өрхөд өвс тэжээл, бэлэн мөнгө зэрэг тусламж хүргэсэн бөгөөд үүнд гишүүд, дэмжигч байгууллагуудаас хандивласан нийт 2.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үерийн улмаас орон гэргүй болсон 35 өрхөд Кувейт улсын Засгийн газрын 660 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар хувийн орон сууц бүхий “Кувейт” хотхон байгуулж өгчээ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран эмзэг бүлгийн 2500 иргэнийг сүрьеэгийн үзлэгт хамруулсан байна. Энэ хүрээнд сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн 16 иргэнийг эмчилгэээнд хамруулжээ. Ирэх 2018 онд дээрх ажлуудаа үргэжлүүлэн зохион байгуулах юм. Тухайлбал, 2018 оны эхний гурван сарын цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээнд тулгуурлан зуд тохиолдох магадлал бүхий 12 аймгийн 37 сумын жагсаалтыг гаргажээ. Шаардлагатай тохиолдолд дээрх сумын иргэдэд хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ