В.Путины хэвлэлийн бага хурал: Д.Трампаас эхлүүлээд Оросын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Спутник/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр зохион байгуулж заншсан хэвлэлийн бага хурлаа өнөөдөр Москва хотноо хийж, гадаад болон дотоодын өргөн цар хүрээг хамарсан олон асуултад хариуллаа. Сэтгүүлчдийн тавьсан гол асуултуудад тэрбээр хэрхэн хариулсныг “Спутник” агентлаг багцлан мэдээлснийг орчуулан хүргэж байна.
Д.Трампын тухайд: Хуйвалдсан юм байхгүй, хамтран ажиллах өргөн боломж бий
Гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс тавьсан эхний асуулт нь АНУ-ын өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Дональд Трампын сонгуулийн штаб ба Оросын Засгийн газар хуйвалдсан гэх мэдээлэл үнэний ортой эсэх, мөн Д.Трампын штабын нэр бүхий хүмүүс АНУ дахь Оросын ЭСЯ-ны албаны хүмүүстэй холбоо барьж, уулзсан эсэх тухай байв.
Энэ асуултуудад В.Путин “Энэ их хачин асуулт байна. Дипломатчдын хувьд суугаа орныхоо албаны хүмүүстэй уулзаж, ярилцах нь байдаг л зүйл. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцож, Д.Трампын штабынхантай хуйвалдсан юм огт байхгүй. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэх мэдээлэл бол Д.Трампын өрсөлдөгчдийн зохиосон зүйл. Ийм худал мэдээлэл тараагчид өөрийн улс орноо хорлож байгаагаа ч ухамсарлахгүй байгаа нь харамсалтай. Тэд Д.Трампын төлөө саналаа өгсөн америкчуудыг хүндэтгэхгүй байна” гэж хариулжээ.
Мөн В.Путин “ОХУ болон АНУ нь өргөн цар хүрээг хамарсан асуудлаар хамтран ажиллах боломжтой. Манай хоёр улсад харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх өргөн боломж бий” гэсэн байна.
Зэвсгээр хөөцөлдөх тухайд: Орос зэвсгээр хөөцөлдөхгүй
Стратегийн цөмийн зэвсгийг хорогдуулах тухай гэрээнээс АНУ гарч магадгүй ба энэ гэрээнээс гарснаар олон улсын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөний тухай В.Путин хөндсөн байна.
Тэрбээр ярихдаа “ЗХУ-ын үед АНУ-тай байгуулсан Стратегийн цөмийн зэвсгийг хорогдуулах тухай гэрээнээс АНУ гарахаар зэхэж байгаа тухай бид сонссон. Энэ гэрээнээс АНУ гарах нь ямар ч үр ашиггүй. Энэ гэрээнээс гарах нь олон улсын аюулгүй байдалд ихээхэн сөргөөр нөлөөлнө. Манай улс энэ гэрээнээс гарахгүй. Би улс орныхоо аюулгүй байдлыг хангахын төлөө чадах бүхнээ хийх болно. Гэхдээ зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн тулд ОХУ шаардлагатай арга хэмжээнүүдийг авах болно. Бид зэвсгээр хөөцөлдөхгүй” гэжээ.
“Россия сегодня” болон “Спутник” агентлагийн эсрэг АНУ-ын авсан арга хэмжээ: Хэвлэлийн эрх чөлөө?
АНУ-ОХУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлсөн бас нэгэн асуудал бол Оросын хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэдгээрийн дотор “Россия сегодня” болон “Спутник” агентлагийн Америк дахь салбарыг АНУ-ын Засгийн газар “гадаадын агент” гэж бүртгэх шийдвэрийг гаргаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь саад болсон явдал юм.
Энэ асуудалтай холбоотай асуултад В.Путин хариулахдаа “Энэ бол Америкийн ардчиллын гол зарчмуудын нэг болох үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой асуудал” гээд “Орос болон дэлхий дахин дахь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй харьцуулахад Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үзүүлэх нөлөө харьцангуй бага” гэжээ.
Сирийн тухайд: Ихийг хийсэн, цаашид илүү ихийг хийх болно
Арабын Бүгд Найрамдах Сирийн Улсын аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, тэдгээрийн дотор тус улсад саяхан хийсэн гэнэтийн айлчлалынхаа талаар ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.Путин дурдаад “Миний энэ айлчлал бол Сирийн аюулгүй байдал эрс сайжирсны илрэл юм. Сирийн хямралыг шийдвэрлэхэд АНУ хувь нэмэр оруулаагүй. Богино хугацааны улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд бодлогогүй алхам хийхгүй байхыг би “холбогдох бүх тал”-д уриалж байна” гэжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Террористууд Сириэс Ирак руу зугтахыг бид харсан. АНУ террористуудад цохилт өгөөгүй. Учир нь тэднийг Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын эсрэг хожим ашиглах гэж. Энэ бол маш аймшигтай хэрэг” гэсэн байна.
Мөн Сириэс дүрвэгчдийн асуудлыг В.Путин хөндөөд, түүхэн дэх хамгийн том хүмүүнлэгийн хямралуудын нэг болсон энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.
“Сирийн дүрвэгчдийн асуудлыг бид хамтдаа шийдвэрлэхгүй бол хүн бүр олон асуудалтай тулгарах болно гэдгийг дэлхий нийт ухамсарлах ойлгох хэрэгтэй ...Террористууд ядуусыг эгнээндээ элсүүлдэг” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Умард Солонгосын тухайд: Кимийн цөмийн хөтөлбөр ба АНУ-ын өдөөн хатгалгыг эсэргүүцэж байна
Бүс нутгийн төдийгүй дэлхийн аюулгүй байдалд тулгамдсан гол асуудал болоод буй Солонгосын хойгийн асуудлын талаар В.Путин сэтгүүлчидтэй мөн ярилцжээ.
Тэрбээр ярихдаа “Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийг ОХУ эрс эсэргүүцсээр ирсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө бид ажиллах болно. Умард Солонгосыг “цөмийн зэвсэгтэй улс” болохыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Үүний сацуу тэрбээр Умард Солонгост үзүүлж буй АНУ-ын шахалтууд, тухайлбал хориг арга хэмжээг “сөрөг үр дагавартай арга хэмжээ” гэж тодорхойлжээ. Мөн тэрбээр “Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Миний бодлоор, АНУ Японы эсрэг цөмийн зэвсэг ашигласан нь шударга бус хэрэг юм. Одоо дахиад өөр нэг улсын /Умард Солонгосын/ эсрэг үүнийг ашиглах гэж үү? Аливаа өдөөн хатгалга, түрэмгийллээс зайлсхийх хэрэгтэй” гэжээ.
Олимпийн хориг ба Григорий Родченков: Улс төрийн сэдэлтэй арга хэмжээ, гэхдээ ...
Өмнөд Солонгост удахгүй болох өвлийн олимпод Оросын баг тамирчдыг улсынхаа нэрийн өмнөөс оролцохыг Олон улсын олимпийн хороо хориглосныг юу гэж үзэж байна вэ? гэж сэтгүүлч асуухад В.Путин “Ийм нөхцөл байдал үүссэнд Оросын спортын албаны хүмүүс ч тодорхой хэмжээгээр буруутай. Зарим дүрэм журмыг зөрчсөнийг би үгүйсгэхгүй” гэжээ.
Оросын тамирчид сэргээшийн эсрэг журмыг зөрчсөн гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагт “алтан хошуу өргөж”, сэргээштэй холбоотой дуулиан шуугианыг дэгдээснийхээ дараа АНУ руу зугтсан Григорий Родченковын тухай В.Путин мөн дурдаад “Г.Родченковыг Оросын сэргээшийн шинжилгээний лабораторийн захирлаар томилох шийдвэр гаргасан нь “том алдаа” байсан. Тэр одоо АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хамгаалалтад байгаа. Бидний хувьд энэ бол сул тал” гэжээ.
Түүний ярьснаар, Г.Родченков нь амиа хорлохыг завдаж байсан, сэтгэцийн өөрчлөлттэй гэж оношлогдож байсан нэгэн гэнэ.
Мөн ОУОХ болон Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн шийдвэрүүд нь ирэх онд болох Оросын ерөнхийлөгчийн сонгуульд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж В.Путин хэлээд “Би олон улсын спортын байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг хүндэтгэж байна ... Тэд дарамт шахалт, сүрдүүлэгт автсан гэдгийг ч ойлгож байна” гэжээ.
Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд:
Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших тухайгаа В.Путин дурдаад “Би 2018 ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшинэ. Орос орныг илүү хөгжүүлэхийн төлөө хийхээр төлөвлөсөн ажил их байна” гэжээ.
Оросын эдийн засаг, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт иж бүрэн шинэчлэл хийх нь түүний мөрийн хөтөлбөрийн гол “агуулга” байх аж.
Ерөнхийлөгчийн сонгуульд тантай ана мана өрсөлдчихөөр “хүчтэй өрсөлдөгчид” яагаад гарч ирэхгүй байна вэ? гэж сэтгүүлч асуухад “Сөрөг хүчин гэдэг ард иргэдийн аж амьдралыг сайжруулах тодорхой санал санаачилгуудыг дэвшүүлэх ёстой. Харамсалтай нь, одоогоор тийм сөрөг хүчин гарч ирээгүй байна. Сайн өрсөлдөгч бэлтгэх нь миний хийх ажил биш. Гэхдээ манай улсын улс төрийн орчин эдийн засгийн орчны нэгэн адил өрсөлдөөнтэй байх ёстой гэж би боддог. Тийм цаг үе удахгүй ирнэ гэдэгт би найдаж байна” гэжээ.
Ерөнхий сайд байх үеэрээ буюу 2008-2012 онд алгасаж байсныг эс тооцвол В.Путин уг хэвлэлийн бага хурлыг 2001 оноос хойш жил болгон тасралтгүй зохион байгуулж байгаа юм. 2001 онд болсон В.Путины анхны хэвлэлийн бага хурал 1 цаг 33 минут үргэлжилж байсан бол 2008 онд хамгийн урт буюу 4 цаг 40 минут үргэлжилж, үргэлжилсэн хугацаагаараа дээд амжилт тогтоож байв. Тэгвэл бараг 4 цаг орчим үргэлжилсэн энэ удаагийн хэвлэлийн бага хуралд хамгийн олон буюу 1640 сэтгүүлчийг /гадаад, дотоодын/ оролцуулснаар бас нэгэн дээд амжилт тогтоосон байна.
Г.Доржханд