В.Путин өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-14 14:42:21
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил тутмын буюу 13 дахь удаагийн хэвлэлийн бага хурлаа өнөөдөр Москва голын зүүн эргийн Краснопресненск дахь Олон улсын худалдааны төвийн байранд хийх гэж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлэв. Хэвлэлийн хурал Москвагийн цагаар үдийн 12:00 цагт эхлэх аж.

“Ерөнхийлөгч В.Путин ирэх оны сонгуульд дахин өрсөлдөх талаарх мэдээлэлтэй холбоотойгоор энэ удаагийн хэвлэлийн бага хурал онцлог болно байх” гэж таамаглаж байгаагаа В.Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Уг хуралд жил жилийхээс олон буюу 1640 сэтгүүлч оролцох аж. Өнгөрсөн жилийн хувьд уг хэвлэлийн бага хуралд В.Путин 3 цаг 48 минутын дотор 48 сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Түүнчлэн энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Умард Солонгос, Сири, Орос-Америкийн харилцаа, удахгүй болох өвлийн олимпийн талаарх сэдвүүдийг хөндөх нь дамжиггүй. Гэхдээ өмнөх жилүүдийнхтэй адил энэ удаагийн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид голдуу дотоодын асуудлыг хөндөж магадгүй.

Ерөнхий сайд байх үеэрээ буюу 2008-2012 онд алгасаж байсныг эс тооцвол В.Путин уг хэвлэлийн бага хурлыг 2001 оноос хойш жил болгон тасралтгүй зохион байгуулж байгаа аж. 2001 онд болсон В.Путины хэвлэлийн бага хурал 1 цаг 33 минут үргэлжилж байсан бол 2008 онд хамгийн урт буюу 4 цаг 40 минут үргэлжилж байжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ