Төрийн албан хаагч бүр 3-5 өрхийг хариуцан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-10 00:29:56

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай суманд ажиллаж буй нэг төрийн албан хаагч 3-5 өрхийг хариуцан авч төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, зөвлөгч туслагч болж ажиллаж байна. 
Тодруулбал Завхан аймгийн Засаг даргын "Ард иргэдээ сонсох аян"-ы хүрээнд төрийн албан хаагчид өрх бүрээр орж иргэддээ урилга, мэдээлэл өгч ажиллаж тэдний санал хүсэлтийг авчээ. Энэ аян гурван сар үргэлжилжээ. Аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн төрийн албан хаагч бүр айл өрхүүддээ өөрийн биеэр очиж төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, мэдээ мэдээллийг танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонсож,  шийдвэрлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага байна гэдэг дүгнэлт гаргажээ. Тухайлбал Улиастай сумын нэг төрийн албан хаагч таван өрхийг хариуцан авч төрийн үйлчилгээг өрх бүрт хүргэж эхэлжээ. Энэ нь төр иргэддээ хүрч үйлчлэх томоохон алхам болж байгаагаас гадна төрийн албан хаагчид ч олон талын мэдлэг, мэдээлэлтэй болж өөрийгөө хөгжүүлэх давуу талтай. Ард иргэдийн сэтгэлд нийцэж, талархлыг хүлээгээд буй энэ жишгийг хөдөөгийн сумдад ч нэвтрүүлэн ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга хэллээ. Төрийн байгууллага гэдэг бол ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага болохоос бус ард түмний дарга биш юм. Тиймээс ирэх жилээс эхлэн төрийн байгууллагуудын ажлыг ард иргэдийн үнэлгээгээр дүгнэдэг болно. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг ард иргэдээс санал авч үнэлгээ өгдөг болно гэв. Ингэснээр төрийн албан байгууллагын дарга нар иргэдээ сонсож, иргэдтэйгээ ойр байх, ард түмэндээ түргэн шуурхай, хүнд сурталгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх зэрэг олон дэвшил гарна хэмээв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ