Уур амьсгалын өөрчлөлтөөс эрүүл мэндээ хамгаалахыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
aminaa@montsame.mn
2015-11-18 09:28:22

ЖЕНЕВА. /IRNA/. 21-р зууныг тодорхойлж буй асуудал болох уур амьсгалын өөрчлөлтөөс эрүүл мэндээ хамгаалахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх Засгийн газарт уриаллаа.

Өвчний шинж тэмдгийн өөрчлөлт, дулааны долгион, үер зэрэг цаг уурын онц ноцтой үзэгдэл, агаар, хүнс, ус, эрүүл ахуйн чанарын өөрчлөлт зэрэг уур амьсгалын өөрчлөлттөй холбоотой хүчин зүйлээс үүдэн жилд хэдэн арван мянган хүн амиа алдаж байгааг тус байгууллага мэдээлжээ.

Удахгүй Парист болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хурал /COP-21/ нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хэлэлцээрт хүрэх төдийгүй, одоогийн болон ирээдүйн үеийн эрүүл мэндийг хамгаалах чухал боломжийг олгох юм.

2012 онд агаарын бохирдлоор үүсгэгдсэн өвчнөөр 7 сая хүн нас барсан тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргаж, хүрээлэн буй орчноос эрүүл мэндэд нөлөөлөх хамгийн аюултай эрсдэл нь агаарын бохирдол гэдгийг харуулсан байна.

Хумхаа, суулгалт, дулааны стресс, хоол тэжээлийн дутагдал зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэлтэй өвчнөөр 2030-2050 онд жилд 250 мянган хүн нас барах төлөвтэй байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ