“Шонхоодой” циркийн жүжигчдийг хүлээн авч уулзав

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 17:50:52

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар үргэлжилж байгаа “Нийгмийн үйлчилгээг-танд” сарын аяныг хүрээнд аймгийн удирдлагууд тус аймгийн “Шонхоодой” ардын циркийн хүүхэд багачуудыг хүлээн авч уулзав.

Тус циркийн багш Т.Төмөр нь анх орц хонгилд амьдардаг хичээл сургууль завсардсан амьжиргааны баталгаажих төвшнээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг циркийн урлагаар хүмүүжүүлж амжилт гарган ажиллаж байгаад аймгийн удирдлагууд талархаж байгаагаа илэрхийлэв. Зорилтот бүлгийн иргэд рүү хандсан уг аяны хүрээнд тус циркийн авъяаслаг сурагчдад туслах зорилгоор АНУ-ын иргэн Жон Кофф хувиасаа тоглолтын хувцасны материал, дулаан хувцас, хоол тэжээлийн тусламж дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын алба хаагчид тус циркийн жүжигчин Б.Сайханбаяр хүүгийн эмчилгээнд зориулж 200 мянган төгрөг хандивлав. “Шонхоодой” ардын циркэд 5-18 насны 30 хүүхэд хамрагдаж циркийн урлагт суралцаж уран бүтээлээ олон нийтэд үзүүлж иржээ.

Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар тус циркийн багш Я.Батцэцэгийг “Аймгийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж Дархан хотынхоо нэрийг дуурсгасан олон сайхан авъяастнуудыг сургаж хүмүүжүүлэх үйлсээ амжилт гаргахыг ерөөгөөд тус циркийг байнга дэмжиж ажиллана гэлээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ