Монгол түмний ой санамж болсон АЕГ-ын 90 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-05 14:31:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ өдөр тохиож байна. Тус газрынхан Сүхбаатарын талбай болон Чингисийн цогцолборт хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.
Хүний намтар тухайн эзнийхээ хэн байсан, хэрхэн аж төрсөн хийгээд алдар гавьяа, ял зэмийг хадгалж үлдээд үр удамд нь дамжуулдаг бол, улсын Архив гэдэг бүхэл бүтэн улс орны түүхийг түүчээлэн мандал, буурал аль алиных нь алдаа оноог баримт нотолгоотой нь хадгалж үлддэгээрээ үнэ цэнэтэй юм.Тэр ч утгаараа Монгол төр, түмний ой санамж болж, хойч үедээ хүрэх учиртай. Аугаа суут эзэн Чингис хаан Их Монгол Улсаа байгуулж төрийн хэргийг “хөх бичиг бичиж, дэвтэрлэн ургийн ураг хүртэл бүү егүүтгэтүгэй!” хэмээн зарлиг буулган төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн үндсийг тавьсан гэж үздэг байна.

 

“Их Монгол улсын гал голомтыг бадраасан Монголын төр, засгаас түүхэнд холбогдох сурвалж бичиг, ном судар, данс харааны зүйлсийг бүх аймаг хошууд төдийгүй хилийн чинадаас цуглуулах нөр их ажлыг хийж гүйцэтгээд 1927 оны арванхоёрдугаар сарын 05-нд архивын албыг байгуулсан нь эдүгээ Монгол Улсын хэмжээнд Үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архивуудаас бүрдсэн төрийн архивын тогтолцоо болтлоо өргөжин хөгжиж байна” хэмээн Архивын ерөнхий газрын мэндчилгээнд дурджээ.

 

Тус хамт олон төв, орон нутгийн архивчдаа мэргэшүүлж, чадавхжуулах, төрийн архивын удирдах ажилтнуудын зөвлөгөөн хийх, АЕГ-ын шинэ цогцолбороо тохижуулах, орон нутгийн архивуудыг өөрийн гэсэн байртай болгох хөдөлгөөнийг эхлүүлэх, ахмад настан, хүүхдүүдээ дэмжих, ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд нэмэр тус болох, улс даяар “Нээлттэй хаалганы өдөр” хийх, “Архивч-2017” ажил мэргэжлийн уралдаан, соёл спорт, урлагийн уралдаан тэмцээн зохион явуулах, эрдэм шинжилгээний ном бүтээл хэвлэн нийтлэх, хурал чуулган, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг олон цогц ажлыг  90 жилийн ойн өмнө хийжээ. Ингээд зогсохгүй, үндэсний архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын талаар арга зүйн нэгдсэн зарчим, хэм хэмжээ тогтоож мөрдүүлэхээс эхлээд Архивын тухай Монгол Улсын хууль, тогтоомжоор хүлээсэн төрийн зорилт чиг үүргийг амжилттай биелүүлэн, архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэтгэл хийх, төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахимжуулах зэрэг нүсэр ажлуудыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ архивын үйлчилгээг байгууллага, ард иргэдэд улам ойртуулж, чанар хүртээмжийг дээшлүүлэх, өвөг дээдсийн бүтээн туурвисан эрдэм мэдлэг, өв соёлын их далайгаас дээжлэн нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, орчин үеийн хөгжлийн хурдтай мөр зэрэгцэн алхах хүсэл тэмүүллийг үйл ажиллагааныхаа тэргүүн зорилт болгон хэрэгжүүлэхийн төлөө чармайн зүтгэнэ” гэдгээ илэрхийлэв.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ