Хэнтий аймагт 10 гаруй гол, нуур ширгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-12-04 14:52:19
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар гол горхи 395, нуур тойром 310, булаг шанд 849, рашаан 23, нийт 1582 гадаргын усны объект тоологджээ. Харин 12 гол горхи, таван нуур тойром ширгэсэн дүнтэй байна.
Мөн гүн өрмийн худаг 422, богино яндант худаг 297, энгийн уурхайн худаг 561, нийт 1280 худаг уст цэг ажиллаж байснаас 18 худаг ажиллагаагүй болжээ. Энэ бол Хэнтий аймгийн БОАЖГ-аас авсан зөвхөн нэг аймгийн тоон мэдээлэл юм.

Мөн 2011 онд улсын хэмжээнд хийгдсэн усны тооллогын дүнгээр 6646 гол горхи тоологдсоны 551 нь, 3613 нуур тоологдсоны 483 нь ширгэсэн байна.

Гол мөрөн, нуур цөөрөм ширгэж үгүй болоход нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь дулаарал, манай орны ойн сан багасч байгаа явдал ажээ.
Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940-2008 оны хооронд 2.14 градусаар дулаарсан нь дэлхийн агаарын дундаж температур 1906 оноос 2005 онд 0.74 градусаар нэмэгдсэн үзүүлэлттэй харьцуулахад гурав дахин өндөр байна. Энэ нь манай улсад дулаарал илүү эрчимтэйгээр явагдаж байгааг харуулж байгаа юм. 

Мөн Монгол орны ойн сан нь нийт нутаг дэвсгэрийн 11,87 хувийг эзэлж байгаа бөгөөд арваадхан жилийн дотор буюу 1990-2000 оны хооронд жилд дунджаар 82,700 га газрын ой устсан бол 1990-2005 оны хооронд ойн бүрхэвчийн 10,8 хувь буюу бараг 1,240,000 га ой устаж үгүй болжээ.

 
Д.Одонтунгалаг

 
Холбоотой мэдээ