Сүхбаатар аймгаас таван сурагч ОХУ-д малын бага эмч мэргэжлээр суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-01 09:19:58
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилтын хүрээнд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Могойт хөдөө аж ахуйн техникумд тэтгэлгээр суралцах сурагчид батламжаа гардан авлаа. Баруун-Урт, Түмэнцогт сумдаас шалгарсан таван сурагч 2,5 жилийн хугацаанд суралцан, малын бага эмч мэргэжил эзэмших юм.

Аймгийн засаг даргын хөтөлбөрийн гол чиглэл бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийх, боловсролын салбарыг дэмжих хүрээнд шинэ залуу боловсон хүчнийг хөрш зэргэлдээх орнуудад бэлтгэх гэсэн үндсэн гурван заалтыг нэн тэргүүнд тусгасан. Үүний хэрэгжилтийн нэг хэсэг нь энэхүү ажил юм. “Бид хүүхдүүдээ сургахаар Өвөрбайгалийн Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын сайд Андрей Александрович Томскихид тавьсан хүсэлтийг маань хүлээн авч, ийнхүү хүүхдүүд маань тун удахгүй сургуульдаа явахаар боллоо. Дотуур байр, ойр зуурын хэрэглээний зардлаа хүүхдүүд өөрсдөө гаргана. Харин ирэх жилээс бид гэрээний дагуу хүүхдүүдийнхээ сурлагын үзүүлэлтийг харж байгаад 80 хувиас дээш үзүүлэлттэй суралцсан хүүхдүүдээ дэмжих зорилгоор байрны зардлыг даах, өмнөх жилийн зардлыг нь нөхөн олгох зэргээр бодож төлөвлөсөн зүйл бий. Цаашлаад малын бага эмчээсээ их эмч болон дэвшин суралцуулах нөхцөл боломжийг нь судлах болно. Ер нь бид хүүхдүүдээ гадны улс орнуудад сургаж туршлага судлуулах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх хүрээнд багагүй ажил төлөвлөсөн. Ирэх жил МСҮТ-ийн 20 суралцагч ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуульд мөн тэтгэлгээр суралцуулна. Энэ мэт ажлуудыг бид цаашид үргэлжлүүлэн хийх болно” хэмээн аймгийн засаг дарга З.Энхтөр хэллээ.

Батламж гардан авсан сурагчдын төлөөлөл Э.Тэргүүнцэцэг хэлэхдээ “Миний хувьд өмнөө маш том зорилго тавин явж байгаа. Тиймээс хичээлдээ шамдан суралцаад сайн эмч болон нутагтаа ирэх болно. Анх энэ тэтгэлэгийн талаар сонсоод гэрийнхэндээ хэлэхэд тэд маань их дэмжсэн. Хэдийгээр аав ээж, гэрээсээ удаан хугацаагаар хол явж үзээгүй ч би өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тулгарч болох бүхий л саад бэрхшээлийг давах болно. Надад ийм сайхан боломж олгосон аймаг орон нутгийн удирдлагууд, ХХААГ-ын хамт олондоо маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ” гэв.

"Малын эмч, хөдөө аж ахуйн чиглэлээр ингэж хөрш зэргэлдээх улсад бодлогоор мэргэжилтэн бэлтгэж байгаа нь тус аймгийн хувьд анхны тохиолдол юм. Тиймээс сурагчдыг суралцах хугацаанд дадлага хийлгэх, цаашлаад ажлын байраар хангах асуудлыг аймгийн ХХААГ хариуцна. Олон хүүхдүүдийн дундаас шалгаруулж та бүхнийг сонгож авсан учир үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Хамгийн гол нь явж буй хүүхдүүд эв нэгдлийг эрхэмлэн, хоорондоо амь нэгтэй байж, бие биедээ сайн тусалж байгаарай" гэж аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох захилаа.

Сурагчид 2,5 жил суралцах хугацаанд сургалтын төлбөр тэтгэлэгээр, харин эхний зургаан сарын хэлний бэлтгэлийн төлбөр, дотуур байрны мөнгийг өөрсдөө хувиараа төлөх юм. Гэхдээ байрны төлбөрийг хамгийн хямдаар буюу жилийн 80 гаруй мянган төгрөг байхаар тохирчээ. Аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өлзийтогтох нар энэ сарын 06-ны өдөр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, орчин нөхцөлтэй нь танилцан сургуультай нь гэрээ байгуулах аж.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ