Олон улсын хэмжээний мастер цолтон нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТАГТ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-27 08:33:52
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Бэрх хотын уугуул Төмөрбаатарын Отгонтөгсийг Монгол Улсад Волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын Волейболын Холбоо байгуулагдсаны 60 жилийн ойгоор Олон Улсын хэмжээний мастер цолоор шагнажээ.

Түүний хувьд багаасаа волейболын спортоор хичээллэж, өдгөө 22 дахь жилдээ энэхүү их спортынхоо төлөө хөлс хүч, цаг хугацаагаа зориулан амжилтаа ахиулж явна. Т.Отгонтөгс нь Монголын волейболын дээд лигийн “Шилдэг хамгаалагч”–ийн шагналыг долоон жил дараалан хүртэж, “Шилдэг довтлогч”-ийн шагналыг долоон удаа, “Шилдэг тоглогч”, “Тэгш тоглогч”-ийн шагналыг тус бүр нэг удаа хүртээд байгаа юм. Энэ нь Монголын волейболын спортын түүхэнд мөнхөд үлдэхээр рекорд амжилт ажээ.

Тэрбээр өнгөрч буй 2017 оныг спортын өндөр амжилтаар үдэж байгаа бөгөөд “Эрчим клуб”-т жинтэй хувь нэмрээ оруулсан үнэтэй тамирчин гэгддэг юм. Түүний хувьд 1998-2007 онуудад “Уурхайчин” клубт тамирчин, багийн ахлагчаар тоглож байсан бөгөөд 2007 оноос “Эрчим” клубт харъяалагдах болжээ. 2001-2004 онуудад Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, Японы Осака, БНХАУ-ын Шанхай, Макао зэрэг хотуудад болсон олон улсын тэмцээнд оролцож байснаас гадна 2008 оны Монгол Улсад зохиогдсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглож байв.

Т.Отгонтөгсийн волейболын спортод гаргасан амжилтыг нь үнэлэн 2004 онд “Спортын мастер” цол тэмдэг, 2005 онд МЗХ-ны нэрэмжит “Оны шилдэг залуу тамирчин” тэмдэг, 2012 онд “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2017 онд ийнхүү Олон Улсын хэмжээний мастер цолоор энгэрийг нь мялаажээ. 
Д.Одонтунгалаг


 
Холбоотой мэдээ