Архангайн ХДТ Улаанбаатарт “Соёл урлагийн өдрүүд” зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-22 13:02:15
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөгжимт драмын театраас “Соёл урлагийн өдрүүд”-ийг Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл, Цэнхэр, Булган сумын иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгууллаа. “Соёл урлагийн өдрүүд”-ийн арга хэмжээнд тус дөрвөн сумын сургуулийн насны 1600 гаруй, цэцэрлэгийн насны 400-аад хүүхэд, 600 орчим насанд хүрэгчид хамрагдсан байна. 

Тоглолтоор МУСТА Ч.Түвшингийн найруулга “Чиполлинод тохиолдсон адал явдал” хүүхдийн жүжиг, Батдэлгэрийн найруулга “Хүсэл” сэтгэхүйн драмын жүжиг, “Бидний дуулал” шилдэг уран бүтээлийн концерт, МУСТА Эрдэнийн найруулга “Хойд эцэг“ уянгын драмын жүжиг, “Хангайн дуулал” шилдэг уран бүтээлийн концертуудыг тоглосон.

Аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон 2018 онд “Соёл урлагийн өдрүүд”-ийг нийт сум болон Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Монгол Улсын төрөөс баримталж буй соёл урлагийн бодлого болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 2.3.5 дахь зорилтын “Хүүхдэд зориулсан уран бүтээл, шинээр туурвисан болон шинэчилсэн уран бүтээлийг хүн амын бүхий л давхаргад хүргэх” арга хэмжээ, “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд энэхүү нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан ажээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ