Кызыл хотноо болох урлагийн наадамд Улаангомын хүүхэд залуусыг оролцохыг урилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-18 16:22:10
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын удирдлагууд ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийгээд ирсэн байна. Уулзалтын үеэр Улаангом сумын удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж сайн хөршийн харилцаагаа хөгжүүлж цаашид хамтран ажиллах санал тавихаар ирсэн тухайгаа мэдэгдэхэд Кызыл хотын Хурлын дарга Д.И.Оюн Улаангом хотын удирдлагуудтай удаан хугацаанд уулзаагүйг цохон тэмдэглээд цаашид хамтын ажиллагаагаа сэргээн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Талууд хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, боловсрол, соёл урлаг болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж байгааг ярилцсан байна. Аялал жуулчлалын салбарт хамтарсан маршрут гаргах, жуулчдыг хууль журам зөрчихөөс урьдчилан сэргийлж, тэдний аюулгүй байдлыг хангах тал дээр шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллах зэрэг санал дээр тодорхой зөвшилцөлд хүрчээ. Кызыл хотын удирлагууд ирэх оны есдүгээр сард Кызыл хотноо зохион байгуулагдах К-POP урсгалын урлагийн наадамд Улаангом хотын хүүхэд залуусыг оролцохыг урьсан байна. Мөн «Все дороги ведут в Центр Азии» хэмээх авто тойрон аяллыг Улаангом хотоор дайруулан зохион байгуулахаар төлөвлөснөө мэдэгджээ. Кызыл хотын төлөөлөгчид ирэх оны нэгдүгээр сард Улаангом хотноо ажиллахаар болсон байна.
Б.Батхүү

 
Холбоотой мэдээ