Баянхонгорт 16 сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-12 22:06:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Боловсрол, соёл, шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэд Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаях бөгөөд Баянхонгор аймгийн багш нар ч нэгдэхээ мэдэгдлээ.
Одоогийн байдлаар Баянхонгор аймагт ажил хаяхаа мэдэгдсэн 16 байгууллага байгаа юм байна. Тодруулбал, аймгийн төвийн Номун далай, Номгон, Эрдэнэмандал, Эрдэм зэрэг сургуулийн багш, ажилчид ажил хаях бол сумдаас Өлзийт, Жинст, Шинэжинст, Хүрээмарал сумын сургуулиуд мөн нэгджээ. Цэцэрлэгүүдийн хувьд аймгийн төвийн 2, 6, 7, 9, 11 дүгээр цэцэрлэгүүд, сумдаас Өлзийт,  Бууцагаан, Хүрээмаралын цэцэрлэг хугацаагүйгээр ажил хаяхаар болсон байна.
Сонирхуулахад, Аймгийн төвийн Баян-Ойт цогцолбор, 5 болон 10 дугаар цэцэрлэгүүд ажил хаях байгууллагуудын нэрийн жагсаалтад байсан хэдий ч хэвийн ажиллахаар болжээ.

                                                                                                                                                                                                                                                    Б.Мөнхзул

Холбоотой мэдээ