Согтууруулах ундаа байнга хэрэглэх нь тархины эсүүдийг үхжүүлдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-11-10 14:30:18
БЭЭЖИН. /Шиньхуа/. Согтууруулах ундаа байнга хэрэглэх нь тархины гол хэсэг дэх эсүүдийг үхжүүлдэг болохыг хулгана дээр хийсэн шинэ туршилт харуулжээ.

“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, согтууруулах ундаа байнга хэрэглэх нь мэдрэлийн шинэ эсүүдийг бий болгож, танин мэдэхүйд чухал үүрэг гүйцэтгэдэг үүдэл эсүүдийг үхжүүлдэг болохыг Техасын анагаах ухааны их сургуулийн судлаачид олж тогтоосон байна. Ялангуяа, согтууруулах ундаа нь эмэгтэйчүүдийн тархины эсүүдийг илүү хурдацтай үхжүүлдэг аж. Согтууруулах ундаа нь эрэгтэй болон эмэгтэйчүүдийн тархинд харилцан адилгүйгээр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон анхны тохиолдол нь энэ болж байна.
 
“Stem Cell Reports” сэтгүүлд нийтлэгдсэн энэ судалгааны тайлан нь архаг архидалттай тэмцэх үүд хаалгыг нээхэд тус болж магадгүй юм.

Г.Доржханд
Холбоотой мэдээ