Төл бойжилт амжилттай, төлөг маллах амаргүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 15:15:59

Баян-Өлгий аймагт том малын зүй бусын хорогдол өнгөрсөн оны мөн үеийнхээс арван тав гаруй хувиар бага байна.

776 мянган толгой төл бойжуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 117500 толгой буюу хорь орчим хувиар илүү байна. Өөрөөр хэлбэл 117 суурь мал нэмэгдлээ гэсэн үг. Аймгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт. Энэ бол бахдам амжилт.

Гэвч бэлчээр хадлангийн ургац өмнөх онуудын хэмжээнд хүрээгүй, бэлчээрийн даац хэтрэлт ч улам нэмэгдлээ гэсэн үг. Дээр нь бичин жилийн зуд дайрах эрсдэл бас байдаг. Ийм нөхцөлд хүйтний улирлыг давах тэсвэр муутай нэг настай мал буюу энэ жил бойжсон төлийн ер гаруй хувийг эзэлдэг төлөг борлон удахгүй ирэх өвөл хаврыг даван онд мэнд орж чадах уу гэдэг асуудал гарч ирж байна. 

Орон нутгийн удирдлага, мал аж ахуйн байгууллагууд үүн дээр анхаарлаа хандуулан тооцоо судалгаа хийж, өвс тэжээлийг их хэмжээгээр бэлтгэх, нэг бол зохих тооноос илүү малыг зах зээлд гаргах талаар малчдад зөвлөгөө, чиглэл өгөх нь зүйтэй гэсэн санал иргэдээс дэвшигдэж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд