“Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулган болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-08 16:32:48
Архангай /МОНЦАМЭ/. “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулган Архангай аймагт “Сайн сургуулиас сайхан амьдрал эхэлнэ” уриан дор боллоо. Уг чуулганд Хөвсгөл, Архангай, Булган аймаг дахь Иргэний нийгмийн байгууллага /ИНБ/-ын болон Сургуулийн эцэг эх, багшийн холбоо/СЭЭБХ/-дын төлөөлөл, орон нутгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд оролцлоо. Төсөл “Төсөв худалдан авах ажиллагааг нягтлах”, “Сайн сургуулийг дэмжих” гэсэн хоёр аргачлалаар хэрэгжиж байгаа юм.

Чуулганаар аймгийн ИНБ, СЭЭБХ-ын төлөөлөгчид нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг хэрэгжүүлж, бүтээлч хамтын оролцоотойгоор ажилласан ололт амжилт, сайн туршлагаа хуваалцахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн хамтын оролцоотойгоор даван туулах талаар харилцан санал солилцжээ. Төрийн байгууллагыг төлөөлөн оролцогчдын хувьд СЭЭБХ-дын үйл ажиллагааг хэрхэн дэмжиж ажиллахаас эхлээд төсвийн ил тод байдлыг хангахад өөрсдийн зүгээс ямар ажлуудыг түлхүү хийх шаардлагатай байгаа талаар мэдээлэл солилцсон байна.

Манай аймагт Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-ын Архангай салбар “Төсөв худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлалаар ажиллаж байгаа юм.

Оролцогч талууд хамтран боловсролын салбар дахь ил тод байдлыг сайжруулахад өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн төсвийн төслийн боловсруулахдаа эцэг эхийн саналыг тусгана гэж авдаг ч төсөв батлагдаж ирэхдээ эцэг эхчүүдийн оруулсан санал огт ороогүй байдаг байна. Тэгэхээр энэ уялдаа холбоог сайжруулах, эцэг эхийн саналыг бүрэн оруулж байх шаардлагатай гэж үзэж иргэдийн оролцоог саармагжуулж буй хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулахад чиглэсэн нэгдсэн зөвлөмж боловсруулан гаргажээ.

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл нь 2016-2019 онуудад хэрэгжих бөгөөд төслийг Дэлхийн банкны болон Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн санхүүжилтээр “Глоб Интернэшнл Төв” ТББ Монголд хэрэгжүүлж байна. Түнш байгууллагаар “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Ил тод байдлын түншлэлийн сан хамтарч байгаа ажээ.
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ