Аргалийн уул орчимд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-11-05 19:00:33
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь  аймгийн Өргөн сумын нутагт байх Аргалийн уул орчимд “Эгшиглэнт- Уул” ХХК өнгөрсөн сард хайгуулын  үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Тус компани  хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлснээр Аргалийн уул орчимд нутагшин амьдардаг аргаль хонины өсөж үржих боломжийг үгүй хийх, малын бэлчээр болон говийн байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байдал үүсчээ. 
Тиймээс аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичиг илгээж компанийн үйл ажиллагааг зогсоож, цаашид тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг тавьсан байна. Учир нь тус компани үйл ажиллагаа явуулахдаа археологи, палеонтлогийн судалгаа хийлгээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн  40.01, 40.02 дугаар зүйлийг зөрчсөн, мөн нутгийн малчин иргэдийн ундны усны худгийг эвдэж сүйтгэсэн зэрэг зөрчил гаргасан аж.
Мөн аймгийн Засаг даргаас Өргөн сумын Засаг даргад хандаж Аргалийн уул орчимд олгосон тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг сумын ИТХ-д яаралтай оруулж шийдвэрлэхийг үүрэг болгов. Тус аймаг нийт нутаг дэвсгэрийнхээ 25-аас доошгүй хувийг тусгай хамгаалалт авах бодлого баримталж байгаа юм.
Х.Эрдэнэбулган   
Холбоотой мэдээ